Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцны байрлал, онцлогыг судалж, шумбалт хийж дүрсжүүлэн, татан гаргах зам, маршрутыг судалжээ.
Судалгаа хийх явцад аврагчид онгоцны байрлал, татан гаргах бэхэлгээ хийх газрыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Мөн хөлөг онгоцноос төмрийн дээж, гүний уснаас шорооны дээж, замагны дээж авчээ.
Сүхбаатар хөлөг онгоцнуурын эргээс 110-120 метр зайтай усны гүнд 12-16 метрийн гүнд нуур тал руугаа хазайсан, баруун бөөрөөрөө, зүүн тийшээ харсан байдалтай байгаа аж.
Уг живсэн хөлөг онгоц нь 1956 онд ЗХУ-д үйлдвэрлэгдсэн “Бор-500” загварын ачаа, зорчигч тээвэр, чирэх зориулалтын ган төмөр материалаар хийгдсэн, урт 43,52, өргөн 8-9, өндөр 11,40 метр, жин 400 тн, уурын илчит хөдөлгүүртэй, 400 морины хүчтэй, дизель, мөс зүсэгчтэй аж.
ОХУ-ын Онц байдлын яамны Эрхүү хот дахь Байгалийн эрэн хайх, аврах отрядтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, нуурт живсэн машин техник хэрэгслийг илрүүлэх, судалгаа хийх ажлыг 09 дүгээр сарын 19-27-ны өдрүүдэд зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан.
Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг дээрхи сургалтад хамрагдан дадлагажсан төв, орон нутгийн онцгой байдлын анги байгууллагын 20 гаруй мэргэжлийн усчин аврагч бие даан гүйцэтгэх юм.