Зээлийн батлан даалтын сан, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээмжийг өсгөх, зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хөнгөлөлтэй зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, зах зээлийг тэлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүргэхийн тулд хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа хөнгөлөлттэй зээлэд хэрхэн хамрагдах вэ гэдгийг жижиг дунд үйлдвэр эрхлэгчид сайн мэддэггүй. Тиймээс Зээлийн баатлан даалтын сан Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран ажиллаж, жижиг дунд бизнес эрхлэгчдийг зээлд хэрхэн хамруулах талаар сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгө дутагдалтай жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг батлан даалтад гаргадаг байгууллага юм. Тус сангаас 200 гаруй аж ахуй нэгжийн 56 тэрбумын зээлд, 27 тэрбумд батлан даалт гаргажээ. Ингэснээр арилжааны банкуудаас зээл авахыг хүссэн ч барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байсан жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн 60 хүртэлх хувьд нь зээлийн батлан даалт гаргаж өгсөн байна.
Ийнхүү хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бага хувийн хүүтэй, урт хугацаатай зээл авах боломж бүрдлээ.