Б.Мөнхцацрал
Сэтгүүлч
Эдийн засаг
2021.09.08 12:42
3679
ХҮНИЙ ХҮН ХҮРЭН БӨӨРТЭЙ БУЮУ РИОГИЙН Б.БОЛД

Өчигдөр Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл хийж “Рио Тинто” компаниас ирүүлсэн “Оюу толгой” төслийн талаарх зөвшилцөх саналыг нийтэд танилцуулав. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хаягласан энэ бичгийг “Туркойз Хилл”-ийн захирал Стив Тиболт болон “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд нар илгээжээ.

“Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын асуудал хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдээд байгаад тайлбар өгч, хариуцлага нэхсэн Монголын талын албан шаардлагад тэд ямар ч тайлбаргүйгээр 350 сая ам.доллар өгье гэсэн товчхон хариу хэлэв. Хүлцэл өчье гэж буулт хийсэн мэт харагдсан тэдний бичигт гэхдээ алдаагаа эрсэн нэг ч үг байсангүй.

“Оюу толгой” компанийн ТУЗ-өөс Хөндлөнгийн шинжээчдийн баг томилж менежментийн алдаанаас үүдэлтэйгээр бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрч, хугацаа нь 22 сараар хоцроод байна аа гэсэн дүгнэлтийг “Рио Тинто” яагаад огт хэрэгсэхгүй, ямар ч тайлбар хэлэхгүй байна вэ? Энэ компанийн удирдлагад элэг нэгт монгол хүн ажиллаж байгаа гэсэн итгэлийн хариуд Б.Болд яагаад зүгээр л “Май, мөнгө ав” гэсэн хариу бичээд сууж байна вэ?

Монголчууд бид дэлхий дахинд амжилттай ажиллаж буй монгол хүн бүрээр бахархдаг. Олны талархлыг хүлээсэн оюунлаг монгол хүний нэг нь Б.Болд гэж саяхныг хүртэл боддог байлаа. Гэвч түүнийг одоо хонины арьс нөмөрсөн чоно мэт харах болов. Энэ оны эхээр түүнийг “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирлаар томилогдоход “Оюу толгой ордын үр өгөөжийг нэмэгдүүлж, монголчуудад ашигтай болгоход чухал нөлөө үзүүлнэ” гэж итгэл хүлээлгэсэн. Харин тэр улсынхаа эрх ашгийг бус албан тушаал, авч буй цалин, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн хөрөнгө оруулагчдын худал тайлбар, дорд үзсэн хандлагын талд бат зогсож байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор “Оюу толгой” төслийн зөвхөн санхүүгийн алдагдлыг тооцвол ойролцоогоор 2 тэрбум ам.доллар болох нь. Түүчлэн хугацаа хойшилсноос шалтгаалан Монгол Улс 2051  он хүртэл ногдол ашиг хүртэхгүй, нэмээд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог “Рио Тинто” танилцуулсан. Энэ бол хэзээ ч эвлэрэх аргагүй, монголчуудыг хэтэрхий басамжилж, доромжилсон явдал.

Харин дэндүү ашиггүй нөхцөлийг өнөөх Б.Болд Монгол Улсын Засгийн газарт тулгаж сууна. Уг нь тэр өөрөө монгол хүн, үүнээс болж хохирч үлдэх монголчуудын нэг баймаар. Гэвч түүнд улсынх нь эрх ашгаас илүү одоо хийж буй ажил, жилд авч буй дөрвөн тэрбум төгрөгийн цалин нь л чухал бололтой. Үүнээс үзвэл тэр аль хэдийнэ харийн хүн болжээ.

 

Мөн Дубайн гэрээг байгуулсны дараа Б.Болдын Голомт банкин дахь 1105042123 тоот дансанд “Рио Тинто” компаниас 22 удаагийн гүйлгээгээр нийт 1,492.731 ам.доллар шилжүүлжээ. Үүнээс гадна Дубайн гэрээг байгуулсан Б.Бямбасайханд 2012-2013 онд зургаан удаагийн төлбөрөөр нийт 139,927 ам.долларыг шилжүүлсэн байдаг. Зөвлөх үйлчилгээ гэсэн нэрийн дор мөнгө хүлээж авч байсан Б.Бямбасайхан 2015 оноос гэнэт л “Оюу толгой”-н ТУЗ-д ажиллах болж Монгол Улсад асар хохиролтой тэрхүү гэрээнд гарын үсэг зурсан юм.

Б.Болд энэ удаад ч Монголд ирж Засгийн газартай уулзалт хийхийг зорьж буй. Гэхдээ Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр илэрсэн алдаа, мадгаа хүлээн зөвшөөрөх үү? Эсвэл зүгээр л 350 сая ам.доллар өгөөд монголчуудыг молигодчих нь гэж бодоод явна уу? Өнгөрсөн хавар Монгол Улсын үндэсний телевизээр гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, зардал хэтэрсэн нь урьдчилж тооцох аргагүй чулуулгийн нөхцөлөөс боллоо гээд улсынхаа гурван сая иргэнд хээвнэг худал ярьсан түүнд одоо ард түмнийхээ өөдөөс хараад хэлэлцээр хийх нүүр үлдсэн гэж үү?

Энэ бүх баримтаас харвал “Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд аль эртнээс хүний буюу хөрөнгө оруулагчдын хүн болсон байжээ. Түүнээс монголчууд юу ч хүлээх, бас найдах хэрэггүй нь.