m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.27 16:02
1475
Г.Сарангэрэл: Би Х.Тэмүүжингээс уучлал гуйхгүй

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн "Нялх амраг" гэгдэх Г.Сарангэрэл хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид дөрвөн сар хоригдож байгаад хэдхэн хоногийн өмнө батлан даалтаар гараад буй. Тэрбээр хорих ангиас гарсан даруйдаа телевизэд ярилцлага өгч "Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай байсан нь үнэн" хэмээн ярьсан. Гэвч удалгүй өөр нэг  ярилцлагадаа "Утсаар ярьдаг байснаас өөр харилцаа байхгүй" гэснээс  зохион байгуулалттай "жүжиг"  гэж үзэх хүмүүс олон байна. Тиймээс бид энэ талаар Г.Сарангэрэлээс өөрөөс нь тодрууллаа. 

-Хорих ангиас батлан даалтаар гараад хэдхэн хонож байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд  хэд хэдэн ярилцлага өгчээ. Гэвч энэ ярилцлагуудаас харахад зөрүүтэй мэдээлэл байна. Тухайлбал, "Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай байсан нь үнэн" гэж II суваг телевизээр хэлсэн бол дараагийн ярилцлагад "Утсаар ярьдаг байснаас өөр харилцаа байхгүй" гэсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?

-Анх ярилцлага өгөхдөө нэлээд шоконд орчихсон байсан. Дөрвөн сар хоригдсон болохоор гарч байгаадаа өөртөө ч итгэхгүй байсан. Бараг тэр өдөр, тэр студид сууж байгаагаа ч өөрөө төсөөлөөгүй.  Тиймээс сэтгүүлчийн асуулт бүрт "тийм, тийм" гэж хариулаад байсан. Би юу болоод байгааг ч мэдээгүй. Тиймээс зарим асуултыг нь сайн ойлгоогүй буруу хариулсан байна лээ. Дараа нь энэ нэвтрүүлгээ үзээд юу ярьсанаа ойлгосон. 

-Тухайлбал ямар асуултад буруу хариулсан  юм бэ?

-Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай байсан гэж буруу мэдээлэл өгсөн. Миний хувьд тэр хүнийг танина. Гэхдээ ямар нэгэн дотно харилцаа байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Яагаад хорих ангиас гарангуутаа телевизэд ярилцлага өгөх болов. Энэ шийдвэрийг хэн гаргасан бэ?

-Дөрвөн сар хоригдоход юу эсийг бодохов дээ. Энэ хугацаанд хүмүүс миний өмнөөс зохиож, үлгэр ярьж байлаа. Тиймээс би батлан даалтад гардаг юм бол энэ бүх ташаа мэдээлэлд залруулга хийнэ гэж бодож байсан. Энэ утгаараа би өөрөө ярилцлага өгөх шийдвэрийг гаргасан. Хоригдож байгаад гарсан хүмүүс шууд гэртээ очиж болдоггүй дом байдаг юм билээ. Тэгээд би зочид буудалд байрлахаар болж тэнд очиход сэтгүүлчид ирсэн байсан. Тэгээд би тэдний тавьсан саналыг хүлээж авсан юм. 

-Энэ ярилцлага нийгэмд нэлээн шуугиан тарьсан. Гэтэл Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаагүй байсан атлаа яагаад ийм хариуцлагагүй үйлдэл хийчихэв ээ?

-Би одоо ч шокноосоо гараагүй байна. Гэтэл хүмүүс улс төрийн зорилготой бэлдсэн ярилцлага гээд байх юм. Надад тэгэж бэлдээд байх нөхцөл ч байгаагүй. Би чин сэтгэлээсээ бүх юмаа л ярьсан. 

-Х.Тэмүүжин сайдын хэлсэнчлэн магадгүй чиний ард улс төрийн  явуулга хийгээд байгаа хүн байна уу?

-Одоо яригдаад байгаа шиг миний ард хуулийн байгууллагын болон өөр том албан тушаалтан байхгүй. 

-Өмнө нь гар утасны хулгайн хэрэгт холбогдож байсан талаар Х.Тэмүүжин сайд мэдээлсэн. Энэ хэргээс гарахад тэр хүн тусалсан гэсэн. Энэ үнэн үү?

-Өмнөх хэрэгт туслаагүй. Энэ хэрэг үүсэхэд  ХЗЯ-ны хэлтсийн дарга О.Алтангэрэлээр дамжуулж өмгөөлөгч явуулсан. 

-Тэгэхээр өмнө нь хэрэгт холбогдож байсан гэсэн үг үү?

-Тийм. Хэрэгт сэжиглэгдэж байсан. Гэхдээ энэ бол миний хувийн нууц. Одоо үүсээд байгаа асуудалтай холбоогүй учир би яримааргүй байна. 

-Х.Тэмүүжин сайдын өрөөнд орж үзсэн үү?

-Үзсэн.

-Ямар ажлаар очиж байв?

-Би СУИС-д сурах хүсэлтэй ч хуулийн сургуульд сурдаг юм бил үү гэж бодож байсан. Энэ утгаараа Х.Тэмүүжин сайдыг хуулийн салбарын мундаг хүн гэж боддог байсан учраас хуулийн зөвлөгөө авах гэж очдог байсан. 

-Цочиролд орсоноос буруу мэдээлэл түгээсэн байна гэлээ. Энэ үйлдлийнхээ төлөө Х.Тэмүүжин сайдаас уучлалт гуйх уу?

-Үгүй.

- Яагаад уучлалт гуйхгүй гэж. Энэ асуудалд Х.Тэмүүжин сайд бараг холбоогүй болж таараад байна....?

-Би буруу зүйл хийсэн ч гэлээ энэ асуудлыг тэр хүн өөрөө эхлүүлсэн. Төрийн түшээ хүн байж, намайг халаасны хулгайч гэж мэдэгдэл хийж, миний нэр хүндийг унагаасан. Үүнд нь гомдож, сэтгэл санаагаар унасан. 

-Хоригдож байхад чинь УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирж уулзаж, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн гэсэн. Гэтэл гишүүн та нарыг худал мэдээлэл тарааж байна гэж байгаа...? 

-Хоригдож байх хугацаандаа О.Баасанхүү гишүүнтэй уулзах хүсэлт гаргаж байсан ч ирээгүй. Үүний дараа  10 тэрбум төгрөг нэхэмжилнэ гэж мэдээлэл цацагдаж эхлэхэд ирж уулзсан. Энэ үеэр надаар доог дохуу хийж, сэтгэл санааны дарамтад оруулсан.

-Нэр төрийг чинь гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр О.Баасанхүүгээс гишүүнээс  10 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Энэ талаар ярьсан уу?

-Нэхэмжлэлийн хувьд УИХ-ын гишүүдээс хамгийн ядуу нь би. Ийм зүйл ярих би чамтай уулзах шаардлага байхгүй. Чи хар тамхичин, бие үнэлэгч биз дээ гэхчилэн доромжилж байгаад л явсан даа. 

-Х.Тэмүүжин сайдтай танилуулсан н.Алтанчимэг гэдэг хүний талаар тодорхой ярьж болох уу. Тэрээр сайдтай ямар шугамаар холбоотой байсан юм бол?

-н.Алтанчимэг 19 настай. Хүмүүс Ажу гэж дуудаг. Миний багийн найзтай дунд сургуульд хамт сурч байсан найз нь. н.Алтанчимэг наймдугаар ангидаа Дорнодод сурч байгаад сургуулиасаа хөөгдсөн гэсэн. Тэгээд хотод ирчихээд ганцаардаад байна гээд манай найзыг дуудаад байсан юм л даа. Тэгэхэд нь би хамт очоод танилцсан. Түүнээс хойш хоёр, гурван удаа уулзсаны дараа буюу одоогоос жил гаруйн өмнө  манай найз охины төрсөн өдрөөр намайг Х.Тэмүүжин сайдтай танилцуулсан юм. Тэр хоёрыг өмнө нь ямар холбоотой байсныг сайн мэдэхгүй. Харин нэг, хоёр удаагийн тохиолдлоор Х.Тэмүүжин сайдтай дотно харилцаатай байсныг мэднэ. 

-Та нарыг зугаалж явахад баривчилсан гэсэн. Гудамжинд зүгээр явж байсан охидыг баривчилсан гэж олон нийт үзэхгүй байгаа. Магадгүй одоо яригдаад байгаа шиг та нар сэжигтай байдал гаргасан учраас баривчилсан юм болов уу?

-Миний бодлоор энэ цаанаасаа төлөвлөсөн зүйл. Энийг О.Баасанхүү гишүүн хийсэн байх гэж бодож байна.  Тэр өдөр болсон явдлын тухай УМБГ-аас хүмүүст дэлгэсэн байсан. Гэхдээ намайг тэр хүн рүү 70-80 удаа залгасан гэж яригдаад байгаа. Яг үнэндээ тэр орой надад миний утас байгаагүй, барьцаанд тавьчихсан байсан.  Манай найзууд утастай байсан ч бидэнд гадагшаа залгаж, тусламж хүсэх ямар ч боломж байгаагүй. Тэгэхээр энэ бүгд худлаа. Зохион байгуулалттай ажил.

-Хоригдож байгаад гарч ирэхэд нийгэм яаж хүлээж авч байх шиг байна вэ. Аав, ээж нь юу гэж байна вэ?

-Миний өнцөгөөс харахад сайн, муу хоёр талтай байна. Аав, ээж маань сэтгэл нь зовинож, хүний золиос болчих вий гэж  санаа нь зовж байгаа. Би ч гэсэн айж байна. 

-Дөрвөн сарын өмнөх Г.Сарангэрэл гэдэг охин одоо хэр өөрчлөгдсөн бэ?

-Миний ааш зан нээх өөрчлөгдөөгүй. Харин би өөрийгөө өмнөхөөсөө илүү ухаантай болчихсон болов уу гэж бодож байгаа. Өнгөрсөн хугацаанд их зүйлийг ойлгосон. Найзлах охидуудаа зөв сонгох хэрэгтэй юм байна. Хамт хоригдож байсан охидууд бүгд олон жил найзалсан миний багын найзууд. Бид нар найзлах хүнээ зөв сонгоогүйгээс ийм хэрэгт холбогдчихлоо. Хүн нэг алдаад эргэж харах нь зөв юм байна гэдгийг ойлгосон. Тэр охин одоо ч намайг хэвлэлүүдээр гүтгэсээр байгаа. 

-Энэ явдлыг хүмүүс хэсэгтээ мартахгүй. Тэгэхээр цаашдаа бас төвөгтэй л байх болов уу. Яах бодолтой, төлөвлөгөөтэй байна вэ?

-Шүүх хурлын шийдвэр хэрхэн гарахыг харна. Энэ хэрэг хэрэгсэхгүй болж, цагаадана гэдэгт найдаж байгаа. Дараа нь О.Баасанхүү гишүүнээс нэхэмжлэлээ авч, нэр төрөө сэргээлгэнэ. 

-Гадаад руу гаръя гэж бодож байна уу?

-Тийм төлөвлөгөө байгаа. Гэхдээ асуудлаас зугатаж гарч байгаа юм биш. Энэ бүх зүйл дуусахаар өөрийгөө хөгжүүлэх, сургуульд суралцахаар яваад, буцаад л Монголдоо ирнэ ээ.