баялаг бүтээгч -ярилцлага
2021.09.12 15:15
2916
Б.БАТДЭЛГЭР:ТӨР НЬ ӨӨРӨӨ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ БАЙЖ БАЯЛАГ БҮТЭЭГЧ, ЖДҮ ЭРХЛЭГЧИД ХӨГЖИНӨ 

 

Баялаг бүтээгчдийг  дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Батдэлгэртэй ЖДҮ эрхлэгчдийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцлаа.

 
-  Таньд юуны өмнө Төрийн дээд одон медаль Алтан гадас одонгоор шагнагдсанд баяр хүргэе. 

- Баярлалаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд үнэхээр их ажил хийж бүтээж, амжууллаа. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр гурван жил орчим мөн хоёр ажил хагасын хугацаанд Гүйцэтгэх захирлаар ажиллалаа. Ямартай ч төр засагт дуу хоолойгоо хүргэж,  баялаг бүтээгч, ждү эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэрүүд гаргахад идэвхи зүтгэлтэй ажилласан хэмээн  "Алтан гадас" одонгоор шагнасанд баяртай байна. Гэхдээ энэ одон  өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын минь бус ирээдүйд хийх ажлыг урамшуулсан хэрэг хэмээн хүлээн авсан. Тиймээс цаашид өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаасаа илүү ихийг хийж бүтээн ажиллах болно. 

- Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо байгуулагдсан цагаасаа хойш ЖДҮ эрхлэгчдийн дуу хоолой болж ажилласаар ирсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд ЖДҮ эрхлэгчдэд тулгарсан асуудлыг хэрхэн төр засгийн түвшинд шийдвэрлүүлж ажилласан бэ? 

- 2015 онд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо үүсгэн байгуулагдаж байхад өнөөдрийнх шиг ийм амжиллттай явна гэж бодоогүй. Тухайн үед ЖДҮ эрхлэгчид эзэнгүй, баялаг бүтээгч гэж хэн гэдгийг тодорхойлж чаддаггүй  цаг үе байсан. Холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбоо байгуулъя. ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахгүй бол үнэхээр Монгол улсын ажлын байрны 60 гаруй хувийг ЖДҮ эрхлэгчид эзэлдэг атлаа тэдэнд тохирсон, тэдний эрх ашгийг хамгаалсан, тэдэнд үйлчилсэн төрийн үйлчилгээ, хууль тогтоомж байхгүй байна гэдгийг ярилцаж байсан. Ингээд хэсэг нөхөд бид   санаачлан холбоогоо байгуулсан.

Өнгөрсөн 6 жилийг харахад бид бүхэн асар их ажил хийжээ. Хамгийн гол нь ЖДҮ эрхлэгч болон төр хоорондын гүүр болон ажиллая хэмээн бодож байлаа. Өөрөөр хэлбэл ЖДҮ эрхлэгч болон баялаг бүтээгчдийн үгийг төрд хүргэх, төрөөс гарч байгаа шийдвэрт тэдний санаа бодлыг суулгах, төрөөс гарсан шийдвэрийг жижиг дунд үйлдэрлэгч, баялаг бүтээгчиддээ хүргэх тал дээр ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд хамгийн чухал хийсэн ажлуудаас дурдвал: ЖДҮ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийг батлуулсан. 2007 онд Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хууль гарсан хэрнээ энэ нь цаг үеэ дагаад хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй байсан.

Ингээд манай холбооны зүгээс идэвхтэй ажилласны  үр дүнд Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдсан. Мөн 2018 онд ЖДҮСан ямар ажилладаг байсан. Олон нийтэд нээлттэй биш, хяналт тавьдаггүй байлаа. Улмаар 2018 оны 6 дугаар сард баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн форумыг зохион байгуулж, үр дүнд нь байлаг бүтээгчдийнхээ санаа бодлыг тусгаад зөвлөмж гарсан. Энэ зөвлөмжид ЖДҮСан гэж байдаг юм шүү. Энэ сангаас 3 хувийн хүүтэй зээлийг олгодог. Гэхдээ энэхүү зээлийг сонгон шалгаруулалт нь төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр байдгаараа албан тушаалаа урвуулан ашиглаж энэхүү зээлийг авдаг юм байна. Түүнээс биш жинхэнэ баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд очдоггүй юм байна гэдгийг ил болгосон. Мөн Жижиг дунд үйлдэрлэлийг дэмжих агентлаг байгуулагдлаа. Өөрөөр хэлбэл баялаг бүтээгчдийг дэмжих эзэнтэй болсон юм. Эзэнтэй болно гэдэг нь тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ? гэдэг дээр төлөвлөлт, зохион байгуулалт хийж түүнийхээ дагуу ажиллана гэсэн үг. 

- Цар тахлын амаргүй нөхцөл байдал  ЖДҮ эрхлэгчдэд мөн хүндээр тусч байна.  Засгийн газраас Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд баялаг бүтээгчдээ дэмжихээр болсон. Тэгвэл төрөөс хэрэгжүүлж байгаа ЖДҮ эрхлэгчдээ дэмжих зээл, хөтөлбөр жинхэнэ эзэддээ хүрч байна уу? 

- Төр засгаас явуулж буй зарим бодлого яахав оновчтой шийдвэр болсон. Нэгдүгээрт, Хоёр их наядын хөтөлбөр, жилийн гурван хувийн хүүтэй зээл зөвхөн ЖДҮСангаар дамждаг байсан. Энэхүү сангаар дамжуулан зээл авсан баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хөл дээрээ босч, бичлээс жижиг, жижгээс дунд, дундаасаа том аж ахуй нэгж рүү шилжих боломжтой байсан. Тэгэхээр энэхүү зээлийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаад сайшаалтай байгаа. Гэхдээ цар тахал манай монголчуудад үндэсний үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй юм байна.

Эх орондоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн хамгийн чухал, өөрсдөө хэрэглэж,  төр нь худалдан авах хэрэгтэй гэдгийг ойлгуулж өгч байна.

Энэ нь импортлогч орноос эх орондоо бүтээгч, эх орондоо бүтээгчээс экспортлогч орон болох хамгийн чухал гэдгийг л ухаарууллаа. Хоёр их наядын зээлд хамрагдаж сэргэлт ирж байгаа аж ахуй нэгжүүд бий. Үйл ажиллагаа нь сэргэснээр ажлын байраа хадгалж, мөн шинээр бий болгож байна. Гэхдээ яг энэ зээл 100 хувь эзэндээ очиж байна уу, үгүй юу гэдэг хяналтыг сайн тавих ёстой гэж бодож байна. 

-  Эдийн засгийг дэмжих тухай хуульд ЖДҮ эрхлэгчдийг дэмжсэн ямар заалтыг тусгаасай хэмээн бодож байна вэ? 

-  Хамгийн чухал нь эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төр хэрхэн худалдах авах вэ? Угтаа төр өөрөө худалдан авагч.  Манай холбооноос 2017 онд судалгаа хийхэд 1.2 их наядын худалдан авалт төр хийсэн атлаа дотоодын бараа бүтээгдэхүүнийг 47 тэрбум төгрөгөөр авсан байдаг. Өөрөөр хэлбэл 4 хувийг л дотооддоо хангаж 96 хувийг импортолж авсан.  2018, 2019 онд эх оронч худалдан авагчийг дэмжих жил болгосны үр дүнд 10 руу дөхсөн сурагтай. Энэ нь 10 биш 20,30,40,50 болох ёстой.

Төр нь өөрөө худалдан авч байж үндэсний үйлдэрлэл, баялаг бүтээгчид хөгжиж цэцэглэнэ. Эдийн засгийг дэмжих тухай хуульд төрийн худалдан авалтыг маш сайн оруулах хэрэгтэй байна.