m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2021.09.13 12:03
13711
ЯАРАН ХӨЛ ХОРИХООСОО ӨМНӨ ГУРАВДУГААР АНГИЙН ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛТОЙ ТАНИЛЦ

Нас баралт 10 хол давж, халдварын тоо 4000 хүрэхэд ойрхон байна. Энэ бол зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тоо гэхэд хэтэрхий өндөр. Хэрэв яг энэ үед хөл хорихгүй бол нас баралт болон халдварын тоо цаашид ч өсөх төлөвтэй байгаа тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаах тухай яриа чих дэлсэж эхэллээ. Халдварын тоог 10, 20 байхад хазаарлаж чадаагүй атал одоо 3 мянга хол давсан энэ үед 3 сарын хөл хорио тогтоогоод ч барьж дийлэхгүй болсон. 

Төрийн бодлогогүй, уялдаагүй шийдвэрийн улмаас 3-р ангийн хүүхдүүдийн дийлэнх нь уншиж, бичиж чадахгүй цаашлаад 100 дотор бодож чадахгүй өөртөө гутарч сууна. Нэг айлд 2-7 хүүхэд бий. Тэд тус бүр телевиз үзэх боломжгүй. Зарим тохиолдолд онлайнаар хичээллэх шаардлага гардаг ч тэдэнд notebook гэх мэт зарим хэрэгсэл байхгүй. Тиймдээ ч хичээл гэдгийг мартаад удаж байгаа. Харин энэ есдүгээр сараас хичээлдээ яваад сайхан байгаа, алдсанаа нөхөж суралцаж байгаа тухай ярьж байна. Хэдий хоцорч суралцаж байгаа ч хичээж байна. 35 үсгээ дуусгаж амжаагүй хүүхдүүд их байгаа тул дахин хөл хорьчихвий гэж халаглан суух багш нар ч их байлаа. Тиймээс дахин хөл хорихоосоо өмнө эдгээр хүүхдийн ирээдүй хэрхэн зурагдах тухай бодоод нэг үзээрэй. 

Нэгэнт бүх нийтээрээ хөл хорихгүй бол бяцхан үрсээ цоожтой хаалганы цаана үлдээгээд ч халдварын тоо буурахгүй, эсрэгээрээ ирээдүйд боловсрол дутмаг, өөртөө итгэлгүй иргэдээ өлгийдөж авахад хүрнэ. Яаран хөл хорихоосоо өмнө ерөнхий сайд, боловсролын сайд нар нь бяцхан үрсийнхээ өнөөгийн нөхцөлтэй танилцаж үзээд дараа нь шийдвэрээ гаргана гэдэгт найдаж байна.