m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2021.09.13 12:59
6699
Х.НЯМБААТАР: Ч.ЛОДОЙСАМБУУД ХАНДАЖ ХЭЛЭХЭД БОКСЫН ХОЛБООГ УДИРДАХЫГ ХҮСЭЖ БАЙВАЛ ХҮСЭЛТЭЭ ӨГ

Энэ мягмар гарагт цацагдах "Улаан бал" нэвтрүүлгийн шторк өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан. Ингэхдээ Хууль зүйн сайд Х.Нямбаатар Боксын холбооны ерөнхийлөгч болж, архидан согтуурах улмаар зодолдох суурийг тавьсан мэт шторк цацагдаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр манай сэтгүүлч Х.Нямбаатартай уулзаж дараах зүйлийг тодрууллаа. 

Та ерөнхийлөгч болоод Боксын холбооны гишүүдийг уулгаж, идүүлсэн чинь үнэн үү? 

“Улаан бал” нэвтрүүлгийн шторкон дээр Боксын холбооны хурлыг зохион байгуулаад орой нь хоол идүүлээд, архи уулгаад, зодоон зохион байгуулсан гэх ташаа зүйлийг монтажлаад явуулсан байсан. Ямар ч тийм үйл явдал болоогүй. Тэр оройн хоолонд орсон 130 хүнээс асуух боломжтой. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгээ олон түмэнд хүргэхийн тулд монтажилж, сэвсэн гэж харж байна.

Та яагаад Боксын холбооны ерөнхийлөгч болсон юм бэ? Тэнд зодолдсон гэх хүмүүсээс яагаад заавал Э.Цэндбаатарын гишүүнчлэлийг хассан бэ?

Боксын холбооны удирдах зөвлөл 19 гишүүнтэй юм байна. Би энэ байгууллагад ороод 8 хонож байгаа хүн. Боксын холбооны удирдах зөвлөлөөс удаа дараа Э.Цэндбаатартай холбоотой сануулах, анхааруулах асуудлууд яригдаж байсан байна лээ. Найрамдал зусланд болсон улсын шигшээ багийн цугларалтыг шөнө нь хаяад явсан. Ковидын үеийн халдвар хамгааллын журам зөрчсөн. Өнгөрсөн жил нүцгэлж, сэтгэцэд нөлөөлөх эм бодис хэрэглэсэн, тэрний өмнө Хандгайтын цугларалтыг тасалж яваад зодоон цохион үүсгэсэн гээд 5 удаагийн зөрчил байсан. Үүнтэй холбоотойгоор бусад баг тамирчдадаа буруу үлгэр дууриалал үзүүлж байна гэдэг байр сууринаас удирдах зөвлөлийн гишүүд асуудлаа оруулж ирсэн. Би хурлыг удирдаж хамтын шийдвэр гаргасан. Ер нь бол цаашид их спортын төрлүүд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж гадаадын тэмцээн уралдаанд явдаг, сахилга баттай байх ёстой гэдэг дээр удирдах зөвлөлийн зарим гишүүнтэй би 100 хувь санал нэгдсэн.

Нэвтрүүлгийн шторконд таныг зохион байгуулсан гэх агуулгатай байсан. Та үнэхээр зохион байгуулсан юм бишүү?

Тэр Ч.Лодойсамбуу сэтгүүлчийн хэлж байгаачлан Боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг өөрөө тайлбарлаад, өөрийнхөөрөө байр сууриа илэрхийлээд байвал энд холбоо гэж байх шаардлагагүй. Хэн нэгэн сэтгүүлч хэнийг тэмцээнд явуулах, хэнийг шаардлагатай гэж өөрөө хүсч байвал би Ч.Лодойсамбуу сэтгүүлчид хэлэх гэж байгаа юм. Шаардлагатай гэж үзэж байвал Боксын холбооны ерөнхийлөгч болъё гэх хүсэлтээ удирдах зөвлөлд тавих хэрэгтэй. Ирээд хүсэлтээ тавь, хүсч байвал Боксын холбооны ерөнхийлөгч болгоход бэлэн байна.