Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.09.13 16:00
3222
Ч.ДАВААБАЯР: "ТӨРИЙН БАНКЫГ ЖДҮ-ИЙГ ДЭМЖИХ БАНК БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА"

Өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 14-ний өдөр төрийн ордонд "Төр хувийн хэвшил хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт" болж буй. Уулзалтад МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар оролцож цар тахлын хүнд цаг үед хийж хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн ярилцлаа. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

"10 их наядын хөтөлбөр цаашид олон байх хэрэгтэй. Төрд мөнгө байгаагүй. Гагцхүү хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зах зээл буюу ажлын байраа хадгалж байгаа хувийн хэвшлийнхэнд гаргахад төр зөвхөн хүүгийн зөрүүг нь төлсөн. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Түүнээс төр мөнгө өгөөд үүнийг нь арилжааны банкуудаар дамжуулж аваад байна гэх ойлголт буруу. Засгийн газарт 10 их наядыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байхгүй.

Гагцхүү бид хувийн хэвшлийн банкин дээр байгаа хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гаргахад бодлогын сэдэл өгч байгаа юм. Макро түвшнийг нь хамгаалж байгаа юм. Аль болохоор бид хатуу хөл хорио тавихгүй явж бизнесээ хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа хамтын ажиллагаа юм.

Энэ хамтын ажиллагааны үр дүнд бид зах зээл рүү эргэлтэд оруулахыг хүссэн 3 их наядын 3 хувийн хүүтэй багц 3 жилийн хугацаанд хэрэгжинэ гэж тооцож байсан ч 6 хүрэхгүй сарын хугацаанд 75-80 орчим хувьд дууссан. Тэгэхээр энэ үр дүнтэй ажил байсан нь харагдаж байна. Цаашдаа улсын төсвийг бид яг ийм байдлаар сэдэлжүүлж хамтарч ажиллана гэж Засгийн газар харж байгаа" гэв. 

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр:

"10 их наядаас 2 их наядыг ажлын байрыг дэмжих зорилгоор олгож байгаа. Энэхүү онцгой хөнгөлттэй гурван хувийн зээлээс ЖДҮҮ эрхлэгчид авч чадахгүй байна. Учир нь цар тахлын үед үйл ажиллагаа нь маш ихээр доголдсон салбар юм. Мөн барьцаа хөрөнгийн дутагдалтай, төрөөс борлуулалтаар нь дэмждэггүй гэх мэт олон сул тал байна. Нийтдээ 800 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа стратегийн ач холбогдолтой салбар юм.


Монгол Улсын Засгийн Газраас нэг их наядыг нэмж гарган, зөвхөн ЖДҮ эрхлэгчдийг дэмжих тал дээр анхаарлаа хандуулж, тэдэнд зориулсан бодлого гаргах хэрэгтэй байна. 

Нэг их наядыг зөвхөн ЖДҮҮ эрхлэгчдэд гаргаж, дэмжинэ гэвэл 50 мянган ажлын байрыг хадгалж, 40 мянган ажлын байрыг шинээр бий болгож улс болон татварын албанд нэмж 400 тэрбум төгрөгийн орлого олох тооцоотой байгаа. Үүнийг бонд гаргаж шийдэж болно.

Төрийн банкны өнөөгийн бүрдсэн тогтолцоо, бүтэц, актив хөрөнгө, салбар нэгжийг ашиглан монгол орон даяар Жижиг Дунд Үйлдвэрлэлийг дэмжих банк болгон өөрчилмөөр байна.
Төрийн банкийг цаашид дундаж давхаргыг дэмжигч, бойжуулагч, санхүүгийн хөнгөлөлттэй, хүртээмжтэй үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх банк болгох хэрэгтэй. Цар тахлын үед гадаадын олон улс ЖДҮ эрхлэгчдээ аврахын тулд SME банк нээн ажиллуулж эхэлсэн байна" гэдгийг онцоллоо.
 
БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ч.ДАВААБАЯРЫН ХЭЛСЭН ҮГНҮҮДЭЭС ОНЦОЛЖ БАЙНА.