Б.Нарангоо
Ерөнхий редактор
Улс төрийн нам
2021.09.14 12:11
1816
Ш.Гантулга:Бид хар машинаас татгалзах ёстой

Тун удахгүй СХД болон Хэнтий аймагт нөхөн сонгууль болно. Үүнтэй холбоотой сонгуулийн санал тоолох автоматжуулсан систем буюу хар машингүй сонгуульд оролцох тухай улс төрийн намуудад хандан уриалж, Иргэний Зориг-Ногоон намаас мэдээлэл хийлээ. 

Иргэний Зориг-Ногоон намаас 28 дугаар тойрогт нэр дэвшигч Ш.Гантулга "Үндсэн хуульд засаг төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх ёстой гэж бичсэн байдаг. Түүнээс биш сонгуулийн хар машин юм уу тухай машиныг программчилж байдаг хүмүүсийн гарт Засгийн эрх байх ёстой гэсэн үг хуульд байхгүй. Гэтэл сонгуулийн хар машиныг хэрэглэсний улмаас ард түмэн Үндсэн хуульд заасан чухал эрхээ эдэлж чадахгүй байна. Тиймээс бид хар машинаас татгалзах ёстой.

Энэ нь монголчуудын ирээдүйг хулгайл,  ард түмнийг хамгийн ихээр басаж доромжилсон зүйл. Энэ оны арваннэгдүгээр сарын 3-нд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хар машинаар будлиантуулсан бөгөөд америкчуудын огт хүсээгүй хүн засгийн эрх барихаар болсон. 2020 оны сонгуулийн кампанит ажилд оролцож явсан хүний хувьд хэлэхэд ард түмэн сонгуульд оролцох урам зориг муутай байсан. Хар машинаас татгалзаж байж зөв сонгууль болно" гэв. 

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга А.Бархүү "Хар машингүй сонгууль явуулахыг уриалж байна. 2012 оноос өнөөдрийг хүртэл төрийн бүх шатны сонгуульд хэрэглэж ирсэн хар машин нь хэт хоцрогдсон, улс төрийн намуудын илэрхийлж байгаагаар сонгуулийн санал тоолох явцад луйвар хийх боломжтой хэмээн Иргэний Зориг-Ногоон нам үзэн улс төрийн бүх нам, нэр дэвшигчдэд хандан уриалга гаргаж байна.

Үүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө санал тоолох автоматжуулсан системийн луйвар хийх боломжтойг дэлгэсэн иргэн Г.Ган-Очирын баримт харуулж байгаа юм.

Төрийн бүх шатны сонгууль хараат бус, тэгш, шударга, чөлөөт байдалд явагдах үндсэн нөхцөл нь иргэд саналаа чөлөөтэй өгөх, өгсөн санал нь хулгайлагдахгүй гэдэгт итгэл дүүрэн байх үүднээс сонгогчдын саналыг хар машинаар бус 100 хувь гараар тоолох нь зүйтэй гэж үзэж байна. Жишээ нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд болох Англи, Герман зэрэг улс хар машинаас татгалзсан бөгөөд 100 саяас дээш хүн амтай Япон, ОХУ гэхэд сонгуулийн дүнг гараар тоолж байна. Иргэний Зориг-Ногоон намын саналыг хүлээн зөвшөөрч байгаа бүх нэр дэвшигчтэй энэхүү уриалгыг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллахад бэлэн" гэлээ.