Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2021.09.14 17:20
1540
Бизнес эрхлэгчдийн 60 хувь нь нэг жилээс дээш хугацаанд эдийн засаг сэргэнэ гэж таамаглаж байна

МҮХАҮТ-аас МУ-ын ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт танилцуулсан “Их Сэргэлт” санаачилгыг хэрэгжүүлэхээ мэдэгдэж, эдийн засгаа сэргээх, бизнес эрхлэгчдээ боож хаалгүй дэмжихээ илэрхийлсэн. Энэ хүрээнд  МХАҮТ-аас бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт, тулгарч буй хүндрэл, шаардлагатай дэмжлэг тодорхойлохоор Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 1349 бизнес эрхлэгчдээс судалгаа авчээ.

Засгийн газраас авсан дэмжлэг

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 61% нь ус цахилгаан, дулааны төлбөр хөнгөлөх, чөлөөлөх дэмжлэг авсан, 44% нь НДШ-ийн хөнгөлөлтөд, 17% нь 3 хувийн зээлд хамрагдсан. Харин 24%  нь ямар нэг дэмжлэг аваагүй байна. Судалгаанд оролцсон 3 хувийн зээлийн хүсэлт гаргасан бизнес эрхлэгчдийн 58% нь энэ зээл нь бизнест тодорхой хэмжээнд дэмжлэг болсон гэжээ.

Цаашид шаардлагатай арга хэмжээ


Цаашид эдийн засгийг сэргээхэд хөнгөлөлттэй зээл олгохдоо зээлийн нөхцөл шаардлагыг сулруулах -64%, барьцаа хөрөнгийн шаардлагад дэмжлэг үзүүлэх -55%, зээлийн хугацааг нэмэгдүүлэх -50%  зэргийг анхаарах хэрэгтэй байна гэжээ. Эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд барьцаа хөрөнгийн дэмжлэг, завсрын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд зээлийн хугацааг уртасгах, тээвэр  уучийн компаниудад зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх нь хамгийн чухал байна.  Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 83% нь цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээ нь хөл хорио тогтоохгүй байж, бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд нөлөөлж байна гэсэн байна. Бизнес эрхлэгчид үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор дижитал шилжилттэй холбогдох техник технологийн өөрчлөлт -52% хийх, хүргэлтийн болон цахим үйлчилгээ нэвтрүүлэх, төлбөрийн илүү уян хатан нөхцөл санал болгох, харилцагчдад үйлчлэх  йлчилгээг илүү идэвхжүүлэх зэрэг үйлчлүүлэгчид чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлт хийсэн байна. Ковидоос сэргийлэх, хөл хорионы хязгаарлах арга хэмжээ нь бараа, үйлчилгээний эрэлт буурахад 51 хувиар нөлөөлж, эргэлтийн хөрөнгийн хомстолд 51 хувь нь орж, тээвэр логистик доголдсоноос бараа, үйлчилгээг хугацаанд нь 43 хувь  нийлүүлж чадаагүйд хүрсэн. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, үйлчилгээний бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгийн хомстолд орсон байгаа бол завсрын түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид, тээвэр зууч эрхлэгчдийн хувьд тээвэр логистик доголдсоноор бараа, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй байна.  Бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад тулгарч буй хамгийн хүндрэлтэй саад бэрхшээлийг эрэмбэлэхэд

  1.  бэлэн мөнгөний (эргэлтийн хөрөнгийн) хомстол
  2.  бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал
  3.  тээвэр ложистиктой холбогдох удаашрал, тасалдал гэсэн 3 асуудал хамгийн хүндрэлтэй байна.

Бизнес эрхлэхэд орон нутаг болон хотын нөхцөл байдал өөр. Иймээс орон нутгийн бизнес эрхлэгчдэд ковидоод үүдэн дараах хүндрэлүүд үүсчээ. Тухайлбал, бизнес эрхлэх тодорхойгүй нөхцөл байдал хүндрэл үүсгэж байна гэж дийлэнх хувь нь хариулжээ.

Цаашид бизнесийн үйл ажиллагааг хэвийн явуулах болон сэргээхэд нийт судалгаанд  оролцогчдын 36% нь засгийн газрын 3 хувийн зээл, 27% нь банкны бизнесийн зээл, 28% нь өөрийн эргэлтийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа бол, 29% нь  ямар нэг эх үүсвэр байхгүй байна. Эцсийн болон завсрын бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэгчид засгийн газрын 3 хувийн зээл болон банкны бизнесийн зээлээр санхүүжүүлж (төлөвлөж) байна гэжээ.  Судалгаанд оролцогсдын 60 орчим хувь нь байгууллагаас болон ажилтнаас суутгадаг НДШ-ээс чөлөөлөх, НӨАТ-ыг ижил суурьтай болгох 36 хувь нь бизнесээ сэргээхэд бодит дэмжлэг болно гэжээ. Түүнчлэн ковидийн үед үйлдвэр шинээр барих, өргөтгөх болон том төслүүдийн бүтээн багуулалттай холбогдох тоног төхөөрөмжид татварын хөнгөлөлт үзүүлэх, уурхайн бус үндэсний үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэрийг дэмжсэн татварын бодлого шаардлагатай байна гэсэн байна. 

Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 60 хувь нь манай улсын эдийн засаг нэг жилээс дээш хугацааны дараа хэвийн түвшинд орно хэмээн  таамаглаж байна. Харин 21 хувь нь ирэх 6-12 сарын хугацаанд, үлдсэн 19 хувь нь 4-6 сарын дотор эргэж хэвийн байдалдаа орно, мэдэхгүй гэж хариулжээ.