Тансаг хэрэглээ гэж юу вэ. Өндөр үнэтэй машин, архи тамхи, тансаг зэрэглэлийн орон сууц, брэндийн бараа бүтээгдэхүүн. Эдгээр барааг энгийн цалинтай нь авч дийлэхгүй. Иймдээ ч өндөр цалинтай цөөн бүлгийн иргэд тансаг хэрэглээг захиалан авчирч, гадаад худалдааны тэнцэл валютын нөөцөд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.
2020 онд бид 7,5 тэрбум ам.долларын экспорт хийсний 96 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, харин 5,3 тэрбум ам.долларын бараа импортоор худалдан авчээ.Үүнээс экспортын барааны 96,4 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 2,1 хувийг аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, 1,5 хувийг мал аж ахуй, 0,002 хувийг газар тариалан, 0,007 хувийг бусад төрлийн бараа эзэлж байна. Ийнхүү шинжлэх ухаан технологийн бараа биш уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж оронд нь өндөр үнэтэй автомашин, виски коняк тамхи , брэнд гутал хувцас худалдан авч байна. Үүнд бид өндөр татвар ногдуулдаггүй нь дотоодын бүтээгдэхүүн өрсөлдөх чадваргүй, доллар их хэмжээгээр гадагшаа урсах нөхцлийг бүрдүүлж байна.
Тухайлбал, Гаалийн ерөнхий газрын цахим хуудаст мэдээлснээр бүх төрлийн архины 25 хүртэл градустай архины литр тутамд 3480 төгрөг, 25-40 градустай нь литр тутамд 6960 төгрөг, 40 ба түүнээс дээш градустай нь 15660 төгрөг, бүх төрлийн коняк виски 25 хүртэл градустайд литр тутамд 8700 төгрөг, 25-40 градустайд литр тутамд 17400 төгрөг, 40-өөс дээш градустай нь 20880 төгрөгийн татвар ногдуулдаг байна. Харин бүх төрлийн пивоны литр тутамд 350 төгрөг, 100 ширхэг тамхи тутамд 4180 төгрөгийн л онцгой албан татвар ногдуулдаг байх юм.
Тэр байтугай Турк, Хятад улсаас ямар ч татваргүйгээр брэнд барааны захиалга их хэмжээгээр сошиал орчинд лайв хэлбэрээр өдөр бүр хийгдэж байгаа.
Гэтэл дэлхийн бусад улс оронд тансаг хэрэглээнээс 75 хүртэл хувийн татвар авдаг. Өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж эхэлснээр гадаад худалдааны алдагдал буурч, татварын орлого нэмэгдэж, хэрэглээний барааны импорт багасч, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний борлуулалт өсөх сайн талтай.
2021 оны 6 дугаар сарын 10-нд дөнгөж нээлтээ хийсэн "Land Cruiser 300" загвараас нээлтээ хийсэн даруйд 200 ширхэг захиалагдан, тэр дороо орж ирсэн бол зургаа, долдугаар сард Замын-Үүдийн боомт дээр ачаа бараа гацаж, Тианьжины боомт дээр хэдэн зуугаараа чингэлэг ачаа гацсан.
Төвбанкны цахим хуудаст өнгөрсөн оны долдугаар сард 3,6 тэрбум долларын гадаад валютын албан нөөцтэй байсан бол өнгөрсөн долдугаар сарын байдлаар 4,7 тэрбум ам.долларын албан нөөцтэй болж албан нөөц нэмэгдсэн таатай мэдээ байна. Энэ нь манай экспортын уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн, импортын бараа эргэлт удааширч, хил гаалийн нөхцөл байдал нөлөөлснөөс бус "тусгай" иргэд тансаг хэрэглээгээ захиалан авсаар байгаа. Үүнийг харин хазаарлах ТӨРИЙН БОДЛОГО ДУТАЖ БАЙНА. Нэг үгээр тансаг хэрэглээнд ӨНДӨР ТАТВАР НОГДУУЛАХ ЦАГ БОЛЖЭЭ.