Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.09.19 11:41
11059
Оюутан Б.Мөнхдалай: Ковид туссан оюутнууд хаана хандахаа мэдэхгүй хэцүү байдалтай байна  

Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу их дээд сургуулиудыг энэ оны 09-р сарын 13-аас танхимаар оруулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл короно вирус аар өвчилсөн оюутнуудад ямар нэгэн тусгайлан авах арга хэмжээ байхгүйн улмаас  тэд хаана хандахаа мэдэхгүй хэцүүдэж байна. Иймээс халдвар авсан оюутнуудын төлөөлөл болгож Монгол улсын боловсролын их сургуулийн 3-р дамжааны оюутан Б.Мөнхдалайтай ярилцлаа.

-Та анх короно вирусын халдвар авснаа мэдээд ямар арга хэмжээ авсан бэ?

-Би ногоо хураалтанд явсан юм. Очоод хоёр хоноод бие зовиурлаж эхлэхээр нь хамгийн түрүүнд хариуцаж явсан багшдаа хэлж шинжилгээ авсан. Бид Төв аймгийн Жаргалант сумын хөдөө ногоо хураахаар очсон юм. Хөдөөнөөс сумын төвд нь очиж түргэвчилсэн тест өгч хариу нь эерэг гарч короно гэдэг нь тодорхой болсон. Эмнэлгээс нь 2,3 эм өгсөн. Тэр үед яахаа мэдэхгүй сэтгэл санааны хувьд их хэцүү байсан.

-Таниас өөр зовиурлаж өвчилсөн оюутан байсан уу?

-Надаас гадна 1 оюутан байсан. Бид хоёр  хамт шинжилгээгээ өгөөд хамт хотод ирцгээсэн.

-Та хоёр хотод ямар унаагаар яаж ирсэн бэ?

-Уг нь сумаас нь унаа гаргаж өгсөн юм. Эмч нь бид 2-ыг цахимд бүртгээд гадаа байж бай унаа ирж авна гэж хэлсэн. Гэхдээ тэр унаа нь шөнийн 1 цаг өнгөрөөж ирж авсан. Бид хоёр иртэл нь эмнэлгийн гадаа шөнө болтол хүлээсэн арай дэндүү санагдсан. Тэрнээс болж хүндэрсэн ч байх магадлалтай гэж бодож байгаа.

-Хотод ирээд та хоёрыг ямар нэгэн эмнэлэгтэй холбож өгсөн үү?

-Үгүй ээ. Юун эмнэлэг гэрт ч хүргэж өгөөгүй. 5-н шар дээр буулгаад эндээсээ явцгаачих ачаалал ихтэй байгаа гээд явсан. Анх авч явахдаа ямар нэгэн юм болвол ямарч асуудалгүй гэж авч явчихаад өвдөж зовоод ирэхээр ийм байдалтай байх чинь хүнлэг бус үйлдэл биздээ. Арай л дэндүү байсан.

-Тэгээд та өөрөө эмнэлэгтэй холбогдож үзсэнэ үү?

-Холбогдож үзсэн гэхдээ хүндрээгүй бол эмнэлэг нь хүлээж авахгүй гэсэн тайлбар өгсөн. Заавал хүндрүүлж байж хүлээж авах ёстой юм шиг. Оюутнууд бид гэрээсээ хол гэрийнхэн маань хөдөө орон нутагтаа байдаг. Бидэнд эмнэлгээс өөр тусламж хүсэж зөвлөгөө авах хэн байхавдээ. Хүлээж авах газаргүй хаана хандахаа мэдэхгүй ямар эм тариа хэрэглэх вэ гээд асуудлууд зөндөө байна. Тэр тусмаа 1-р дамжааны оюутнууд дөнгөж хот орж ирж байгаа хаана юу байгаагаа ч мэдэхгүй хүүхдүүд зөндөө байгаа. Оюуутнууд бид ийм л хүнд байдалтай байна.

-Одоо өөрөө эм тариагаа авч хэрэглэж байгаа юу?    

-Тиймээ өөрөө авч хэрэглэж байна. Өмнө нь ойр тойрны хүмүүс маань короно тусч байсан болохоор би ер нь юу хэрэглэх тал дээр баримжаатай байсан. Гэхдээ надаас өөр тусаад эмнэлэг нь хүлээж авахгүй юу хэрэглэхээ мэдэхгүй оюутан хүүхдүүд зөндөө байгаа байх. Тэд ямар хэцүү байдалтай байгаа бол гэж бодохоор хэцүү санагдаж байна.

-Цаашдаа оюутнуудад ийм хүндрэл ихтэй байхад хичээл танхимаар орох нь зөв шийдвэр үү? 

-Уг нь танхимын хичээл бидэнд үр өгөөжтэй, хэрэгтэй. Гэхдээ ийм байдалтай байхад хэцүү биздээ. Бидний нэгдүгээрт тавих зүйл бол эрүүл мэнд гэж бодож байна. Нэг бол эмнэлгийн нөхцөлд ямар эм тариа хэрэглэж байгаа хөнгөн бол тийм юм хэрэглэ, хүнд бол тийм юм хэрэглэ гээд гаргаад өгвөл олон хүнд тус болох байх. 

Д.Тунгалаг