Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2021.09.20 18:38
4774
Шатахууны хомсдлыг зохиомлоор бий болгосон уу?

АИ-92 авто бензиний нөөц буурсан, гэхдээ хомсдол үүсэхгүй гэж АМГТГ-аас өнгөрсөн долоо хоног мэдээлсэн. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн АИ-95 болон 98 шатахууны үнэ 100-300 төгрөгөөр нэмэгдсэн юм. Энэ талаар АМТГТ-аас тодруулахад "АИ-92 бензиний үнэ өсөхгүй гэснээс бусад шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж хэлээгүй" гэж ам хаасан. Мөн шатахууны нөөц хангалттай байгаа гэх мэдээлэл өгсөн ч өнөөдрөөс эсэргээрээ хэд хэдэн  ШТС-д нөөц дууссан гэх байдлаар бензин зарахгүй байгаагаас иргэдийг бухимдууллаа. Зарим шатахуун түгээх станцад АИ-92 дууссан бол зарим нь нэг хүнд 30 мянган төгрөгийн л шатахуун олгож байна гэсэн мэдээлэл иргэдийн дунд тарснаас урт дараалал үүсгэжээ. Ийнхүү шатахууныг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй,  100 хувь гадны улсаас хараат бидний хувьд хойд хөрш хил хаах, импортын шатахууны нөөц багасах үед улс даяар ийнхүү сандралдаж эхлээд байна. Салбарын газрын зүгээс нөөц буурсан ч хомсдол үүсээгүй гэж тайлбарлаж байгаа ч аль хэдийн хомсдол үүсээд эхэллээ. Жолооч нар хомсдох сургаар сандарч, зохиомлоор урт дараалал үүсгээд байна уу, импортлогчид зориудаар зарахгүй байна уу гэх асуулт байна. Нөгөө талаар иргэдийн хувьд импортлогчид зохиомлоор хомсдол үүсгэж байж үнэ нэмэх гэж байна гэж хардаж байна.  АИ-95 авто бензин нийт хэрэглээний 9-10 орчим хувийг л эзэлдэг бол АИ-92 авто бензинийг иргэд, ААН-үүд хамгийн түгээмэл хэрэглэдэг юм.

‘’Шунхлай’’ Шатахуун түгээх газрын түгээгч "Манайх сая орлого хүлээж авах ажилтай  байгаад одоо хэвийн түгээж байна. Ямар нэгэн шатахууны хомсдол үүсээгүй. Үнэ нэмэгдээгүй үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Бусад шатахууны газрын үйл ажиллагаа ямар байгааг би сайн мэдэхгүй байна" гэсэн юм. 

Тасганы овоонд байрлах "Шунхлай" шатахуун түгээх станцын гадаа машины урт дараалал үүссэн байгаатай таарлаа. Жолооч нараас мэдээлэл авахад  "Яг энд цаг гаран ойчирлож байна. Өглөөнөөс  хойш шатахуун авах гэж явлаа олдоц муутай байна. Олдож байгаа шатахуун түгээх газар нь энэ байна. Шатахуун 30 мянгаас дээш өгөхгүй байгаа гэсэн мэдээлэл сонссон. Гэхдээ энд бол хамаагүй өгч байгаа юм шиг байна.   Ер нь одоо 10-н сараас хойш шатахуун олдохгүй юм шиг яриа байна. Шатахууны үнэ өсөхөөр дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тэгэхээр иргэдийн амьдралд сөрөгөөр нөлөөлж байгаа" гэсэн юм.   

 

Ийнхүү шатахууны олдоц муу байгаа нь иргэдийг, ялангуяа "шилэн" Цогоог ихэд бухимдуулав. Цахим хуудастаа салбарын сайдыг огцрох хэрэгтэй гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн байлаа. 

 

Д.Тунгалаг