Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.09.21 15:38
4980
"НИЙСЛЭЛД ШАТАХУУНЫ 4 ХОНОГИЙН НӨӨЦ БАЙНА, ОХУ, БНХАУ-ААС ШАТАХУУН ИМПОРТЛОХОД АСУУДАЛ ҮҮССЭН"

Сүүлийн саруудад улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсч, шатахуун импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүд өчигдрөөс эхлэн хязгаарлалт тогтоосон. Иргэдийн дунд шатахууны хомсдол үүсэх эрсдлээс эмээж ШТС-уудад урт дараалал үүсгэн шатахуунаа нөөцлөх гэх мэтээр эмх замбараагүй байдал үүсээд буй.

Тэгвэл УУХҮЯ-ны мэргэжилтнүүд, "М-Ойл", "Шунхлай", Петровис гэх мэт импортлогч ААН-үүдийн төлөөлөл тус асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор авдаг. Үүнийг гэрээгээр зохицуулж, харилцан үүрэг хүлээж ажиллаж байна. Манай улс нийт сарын 38-40 мянган тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. 5 гаруй хувийг урд хөршөөс авдаг. Гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг. ОХУ хамгийн багадаа 28 мянган тонныг нийлүүлэх үүрэгтэй. Гэтэл үүнийгээ нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн. Гол нийлүүлэгч маань засвар хийж байгаа.

Ингээд  ОХУ 17 мянган тонн бензин нийлүүлнэ гэсэн учир бид БНХАУ-ын China oil компанитай манай 5 ААН гэрээ хийсэн. Сар нарны мангаа төлөөд гэрээгээ хийчихсэн байсан. Гэтэл өчигдөр ОХУ 10-р сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэсэн. Иймд ААН-үүд шатахуунаа хоёр улсаас импортоор авдаг тул манай ААН-үүд борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ.        

Өнөөдөр Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунтай уулзлаа. Хүсэлтээ мөн тавиад байна.   

Үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулахын тулд арга хэмжээг авч эхлээд байгаа. Тухайлбал, манай төлөөлөгч нар ОХУ-д очсон. Маргааш ОХУ-ын нийлүүлэгч компанитай уулзалт хийнэ. Мөн БНХАУ-ын Элчин сайдтай сая уулзан, шатахуун тээвэрлэн авчрах вагоныг ойрын хугацаанд замд гаргах боломжийн талаар ярилцлаа"

Петровис компанийн төлөөлөл: Манай компани төвийн бүсэд 4, нийслэлд 3 хоногийн нөөцтэй байна. "Роснефть" компаниас захиалсан хэмжээндээ авч чадаагүй. Эмнэлэг, цагдаа гэх мэт байгууллагад заавал шатахуун нийлүүлэх үүрэгтэй тул хязгаарлалт тавьж байна.

Шатахууны хомсдол үүссэний хариуцлагыг та хүлээх үү, яагаад өнгөрсөн тавдугаар сараас хойш арга хэмжээ авсангүй вэ гэхэд Г.Ёндон сайд "Бид шаардлагатай арга хэмжээг авсан. Засгийн газрын журам гарган, 30 мянган тонн нөөц бүрдүүлэх шийдвэр гаргасан. Улс өөрийн нөөцтэй байх ёстой. Урт хугацааны бодлого баримталж байна. Шатахууны үнийн эрсдэлээс хамгаалах сантай болно. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хуульд энэ сангийн талаар тусгасан. Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ сан зах зээлийн зарчмаар ажиллана. Төрийн хатуу зохицуулалт үйлчлэхгүй." гэв.

АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр: "БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах шатахууны үнээс өндөр биш. Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомсдол үүслээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөв хоногийн нөөц байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байгаа. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн. Өнөөдрөөс АИ-95 100 төгрөгөөр ббусан байх естой"