Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.09.21 18:25
15626
Хүү нь хилсээр шоронд орсон гэх Б.Эрдэнэчимэгийн гомдолд УЕПГ-аас тайлбар ирүүллээ

Иргэн Б.Эрдэнчимэг Сүхбаатарын талбайд удаа дараа суулт зарлаж, хэвлэл  мэдээллийн хэрэгслээр хууль хяналтын байгууллага хүү Б.Л-д нь хилс хэрэг тулгаж, хүнд ял оноосон гэсэн мэдээлэл хийсэн. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодрууллаа. 

"Иргэн Б.Л нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар иргэн А.Э-ыг 62 удаа хутгалж амь насыг нь хохироосон,  мөн иргэн Ч.С, Г.Г нарыг алахыг завдсан, Ч.С-ийг хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр бүх насаар нь хорих ял оноосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 20 жил хорих ял болгон өөрчилсөнийг Улсын Дээд шүүх хэвээр үлдээсэн. Иргэн Б.Эрдэнэчимэгээс уг хэрэгтэй холбоотой хэд хэдэн гомдлыг прокурорын байгууллагад гаргасан нь хуулийн дагуу шийдвэрлэгдсэн.   Одоо Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорт гаргасан гомдлын дагуу холбогдох материал нь хянагдаж байгаа. Гурван шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг дахин шалгах шинэ нөхцөл байдал бүрдээгүй, гомдол нь хэрэг нээх үндэслэл болохгүй байгааг шат шатны байгууллага хариу мэдэгдсээр ирсэн" гэлээ.