Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.09.22 17:16
807
Бусдын нэрийн дор өөрийн хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх их хүсэл

Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар иргэний өргөдөл гомдолд хариу өгөхгүй байгаа учир иргэн Г.Хажидмаа хотын захиргааны гадна суулт зарлах талаар мэдээлэл хийсэн. Тодруулбал, 2017 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд СХД-т байх Гүнтийн ойролцоох нийслэлийн өмчийн газарт ногоо тарих зөвшөөрөл олгож, тус газарт эмзэг бүлгийн иргэд хүнсний ногоо тариалж, амьжиргаандаа нэмэр болдог байжээ. Гэвч энэ жил тус газарт ногоо тариалах зөвшөөрлийг нийслэлийн удирдлагууд олгоогүй учраас гомдол гаргаж, удаа дараа шийдвэрлэхгүй удаж байгаагаас суулт зарлана гэж өнөөдөр мэдэгдсэн юм. 

Тэгвэл Нийслэлийнхний зүгээс өөр тайлбар өгч байна. Тодруулбал, “Иргэн Г.Хажидмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамт ногоо тарих 10 га газар хүсчээ. Хотын дарга үүрэг өгч Нийслэлийн өмчийн газрыг ашиглуулахаар болсон. Гэвч өнөөдөр ашиглах биш 20 хүний 0,07 га газар өмчилж авна гэсэн. Ямар ч хүсэлт өгөөгүй. Одоо суулт зарлана гэж байна. 20 иргэнд 10 га газар хүссэн өргөдөлдөө ганцхан өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгсөн байгааг ч бас гайхаад байгаа” гэж мэдэгджээ.

Ийнхүү бусдын нэр барьж хөрөнгөжих, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хэсэг бүлэг бий болжээ. Эдгээр хүмүүс  бусдын нэр барьж суулт өлсгөлөн зарлах, жагсаал хийх байдлаар хүсэл зорилгоо гүйцэлдүүлэх "мода" дэлгэрээд удаж байна. Олон нийтийн хараанд өртөж, олон нийтээр өрөвдүүлэх тактик нь заримдаа ял завших, зорилгодоо хүрэх боломж олгох болсон. Иймээс  сүүлийн үед ардаа захиалагчтай, учир шалтгаантай жагсаал цуглаан ар араасаа хийгдэх болсон нь нууц биш.