Б.Батчимэг
Ахлах сэтгүүлч
Нийслэл
2021.09.22 17:53
2430
ДАШНЯМ, БАЛЖИННЯМТАЙ ӨДРИЙН "ХУРИМЫН ХОСГҮЙ ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН"

Өнөөдөр намрын дунд сарын дашням, балжин нямтай билигт сайн өдөр. Хуримын ордон маань гадна доторгүй чимээ анир хөл хөдөлгөөн бага байдалтай байв. Уг нь бол өдийд хурим найр болоод хөл хөдөлгөөн хамгийн ихтэй байдаг газар.

Гал голомтоо бадрааж байгаа шинэхэн хосууд хуримын ордонд найраа хийх гэсэн хүсэлтэй иргэд маш их байгаа боловч хуримын ордны үйл ажиллагаа явуулахыг хориглосон тухай шийдвэрийг НОК-оос гаргасан. Орлогоороо цалинждаг энэхүү байгууллагын хувьд ажилчдын цалингаа тавьж чадахгүй байдалд хүрч ихэнх ажилчиддаа цалингүй чөлөө олгосон  “дүнсгэр” байдалтай биднийг угтлаа.  

Тэгвэл энэ талаар мэдээллийг Гэрлэх ёслолын ордны захиргаа хариуцсан менежер Г.Бүжинлхамаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танайх хэзээнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй вэ?

-Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагааг  2020 оны 11 дүгээр сараас хойш хязгаарласан байгаа. Хуримын ёслол болоогүй гэсэн үг. Бид үйл ажиллагаа явуулах хүсэлтээ УОК-т тавихад халдвар, хамгааллын дэглэмээ сахиад, хариуцлагын гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж болно гэсэн. Гэвч НОК-оос халдварын тархалт ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрөл олгохгүй байгаа.

-Өнөөдөр дашням, балжиннямтай билэгт сайн өдөр тохиож байна. Урьд жилүүдэд билэгт сайн өдөр дунджаар хэдэн хос гэр бүлээ батлуулдаг байсан бэ?

-9, 10-р сард хурим найрын сар гэдэг утгаар 150-аад хос захиалга өгсөн байсан. Гэвч бүгд цуцлагдсан байгаа. Өнөөдөр л гэхэд 70-аад хос захиалга өгсөн байсан. Энэ жил хуримаа хийхээр төлөвлөж байсан, захиалга өгсөн байсан хосуудаас их гомдол санал ирж байгаа. Гэвч бидний зүгээс шалтгаалах зүйл байхгүй НОК-оос зөвшөөрөхгүй байгаа.

-Үйл ажиллагаа явуулаагүй учраас ажилтнуудаа хэрхэн цалинжуулж байгаа вэ?

-Манайх 30-аад ажилтантай. Захиргааны чиг үүрэг хэрэгжүүлдэг албан хаагчид ажиллаад, бусад албан хаагчдын 80 хувьд нь цалингүй чөлөө олгосон байгаа. Сул зогсолт хийж байгаа хугацаанд мэргэшсэн боловсон хүчнээ алдах гээд хэцүү л байна.

-Ирэх сарын 1-нээс зарим үйлчилгээний газруудыг нээх шийдвэр гарсан. Үйл ажиллагаа явуулах чиг үүрэгт ААН-ийн тоонд танайх орж байгаа юу?

-Ирэх сарын нэгнээс зарим үйлчилгээний газар нээнэ гэж мэдээлсэн ч яг албажаагүй. Иймээс албан  ёсны мэдээлэл хүлээж байна. Энэхүү мэдээтэй холбоотой захиалга өгөхөөр өнгөрсөн даваа гарагаас хойш олон хүн биеэр ирж уулзах, утсаар лавлаж асууж байна.