Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2021.09.23 09:28
1356
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид177.2 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөөгүй хандив тайлагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 53.1-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ” хэмээн заасан. Энэ дагуу Төрийн аудитын байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, дүгнэлтийг олон нийтэд ил болгожээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн 3 нэр дэвшигчдийн дансанд нийт 6,407.1 сая төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 6,690.3 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 229.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 283.4 сая төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна. Сонгуульд нэр дэвшигчдэд 29 хуулийн этгээд 184.4 сая төгрөг, 5,401 иргэн  5,400.9 сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгсөн байна. Сонгуульд нам, эвслүүдээс 621.8 сая, нэр дэвшигч өөрийн хөрөнгөөс 200.0 сая төгрөгийн орлогыг сонгуулийн зардлын дансанд тус тус төвлөрүүлсэн байна. 

Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайлангаар нийт 6,407.1 сая төгрөгийн орлого бүрдүүлж, тайлагнаснаас 6,406.3 сая төгрөгийн мөнгөн хандив, 0.8 сая төгрөгийн мөнгөн бус хандив байна.

Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу, буцах хаяг тодорхойгүй зэрэг 989 иргэний 177.2 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөөгүй хандив тайлагнаснаас 328  иргэний 173.1 сая төгрөгийн хандивыг буцааж, 646 иргэний 3.4 сая төгрөгийн хандивыг улсын орлого болгож, 5 иргэний 0.7 сая төгрөгийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг өр төлбөрөөр тайлагнасан байна. 

Аудитын тайлан болон хандив өгсөн иргэн, хуулийн хуулийн этгээдийн мэдээллийг үзэх бол ЭНД дарна уу.