Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.09.23 11:56
30414
“ҮР МИНЬ” БРЭНДИЙН ЗАХИРАЛ А.УЯНГА: “ХОРВООД ДӨНГӨЖ МЭДЭЛСЭН ТЭР Л АРИУН НАНДИН ҮРД ЭХИЙН ХАЙР, ДУЛААН ТЭВРЭЛТ ШИГ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРЬДОГ”

"Үр минь" брэндийн шинэ үйлдвэрийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 22-ны билэгт сайн өдөр ёслол төгөлдөр боллоо.

Ёслолын үйл ажиллагаанд "MCS" группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшин, Голомт банкны байгууллага хариуцсан газрын захирал З.Мягмардорж, Rhinos Инвестмент ҮЦК ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Н.Цэвэгмид, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны бизнессийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн менежер Г.Түвшинжаргал, “БрэндАртэ” компанийн үүсгэн байгуулагч, захирал Б.Мөнгөнсар нар болоод хөрөнгө оруулагчид хийгээд хамтран ажиллагсад нь оролцлоо.

Үр минь брэнд нь 2017 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд, тус байгууллагын үүсгэн байгуулагч, захирал А.Уянга нь анхны хүүдээ зориулан даавуун болон ноолууран хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр анх аравхан м2 газарт оёдолчинтойгоо үйл ажиллагаагаа явуулж эхэлж байсан бол өдгөө өргөжин тэлсээр, 0-3 насны хүүхэдтэй эцэг эх бүрийн хамгийн хайртай брэнд бүтээгдэхүүн болж чадсан байна.

Түүнчлэн бага насны хүүхдийн биеийн онцлогт тохирсон, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанартай, үнэ цэнэ бүхий эхийн хайрыг мэдрүүлж, ээжийн дулаан тэврэлтийг санагдуулам халуун дулаан хайраар урласан  бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгээрээ онцлог юм. Хэрэглэгчдийн зүгээс тус брэндийн хувцас хэрэглэлийг "эгдүүтэй" "хайр хүрэм" үгсээр нь илүү таашаан, баяр ёслолын үеэр илүү хэрэглэдэг байсан бол энэ удаад "ҮР МИНЬ ӨДӨР БҮР ТУХТАЙ" буюу нярайн биед хамгийн тааламжтай, өдөр тутамдаа өмсөхөд тохиромжтой хувцас гэдгийг нь хэрэглэгчиддээ таниулахаар ажиллаж байгаа аж.

Тэрээр “Үр минь” брэндийн үүсгэн байгуулагч, захирал А.Уянга нь үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ үйлдвэрлэлийн орчноо хүртэл халуун дулаан айл, гэр шиг тохижуулсан талаараа хэлж байлаа. Учир нь “Бид өнөөдөр ажлын аль эсвэл өдөр тутмын хувцас хийгээгүй, аав ээжийнхээ амин эрдэнэ болсон алдрай бяцхан үрсийн хорвоод анх мэндлэхдээ өмсөх тийм л ариун нандин хувцасыг хийж байгаа билээ. Тэгвэл тэр нандин зүйлийг үйлвэрлэх орчин нь ч бас хайраар дүүрэн байж гэмээнэ тэндээс сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн гарах болно гэж боддог” хэмээн хэлж байсан юм.

Тус нээлтийн үйл ажиллагааны үеэр нярай хүүхдийн буюу дөнгөж хорвоод мэндлээд ээж аавдаа орхигдсон алдрай бяцхан үрсийн асрамжийн төвд багахан ч болов дэмжлэг үзүүлэх зорилгоор “Үр минь” брэндийн шинэ коллекцын дээжийг дуудлага худалдаагаар зарсан бөгөөд дээд үнэ нэг сая төгрөг хүрсэн юм.

Ингээд нээлтийн үйл ажиллагаанд оролцсон эрхмүүдийн сэтгэгдлийг хуваалцаж байна.

"MCS" группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшин: "А.Уянга бол хүмүүст бизнесийн орчинд эмэгтэй хүн, залуу бүсгүйчүүд, залуучууд бизнес эрхлээд явах боломж байдаг гэдгийг өөрөөрөө, гэр бүлээрээ үлгэрлэж харуулж байгаа" 

Би А.Уянгаагийн мэнтор нь байсан юм. Өмнөх үе шатаас дараагийн түвшинд шилжиж байгаа энэ өөрчлөлтийнх нь үед  хамтдаа байгаадаа баяртай байна. А.Уянга нь хийж байгаа зүйлдээ их сэтгэл гаргаж хийдэг. Бүтээгдэхүүнүүд нь ч гэсэн хүүхдүүдэд, хэрэглэгчдэд танигдчихсан. Авч хэрэглэхдээ дуртай байдаг. Амжилттай яваа эр хүний ард үргэлж дэмжиж тусалдаг эмэгтэй хүн байдаг гэдэг шиг нөхөр нь ар гэрээ маш сайн авч явдаг юм шиг санагдсан.

Би өмнө нь эмэгтэй хүмүүстэй их ажилладаг байлаа. Тэндээс анзаарагдсан зүйл бол эмэгтэй хүн өөрсдөдөө байгаа боломжоосоо их даруухан байдаг юм шиг санагдсан. Тэдэнд жаахан хүч нэмээд өгвөл их боломжууд байдаг гэдгийг мэдрүүлье гэж бодсны үүднээс А.Уянгад зөвлөгөө өгсөн.

Цаашдаа улам илүү зоригтой, чадалтайгаа мэдэрч, илүү олон гэр бүлд аз жаргал хайрлаж, халуун дулаан уур амьсгал бий болгоосой гэж хүсмээр байна. Хөрөнгө оруулалт гэдэг хэдийгээр ашгийн зүйл гэдэг ойлголттой байсан бол сүүлийн үед бизнесийн орчныг зөв эрүүл болгоё, бизнесс эрхлэгч, санаачлагчдаа дэмжье гэдэг хандлагатай болсон.

Хүмүүст бизнесийн орчинд эмэгтэй хүн, залуу бүсгүйчүүд, залуучууд бизнес эрхлээд явах боломж байдаг гэдгийг үлгэрлэж харуулж байгаа А.Уянгадаа баяр хүргэе!

Rhinos Инвестмент ҮЦК ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Н.Цэвэгмид: "Миний хувьд хүнд нь, ёс зүйнд нь хөрөнгө оруулдаг, А.Уянга тууштай, хүсэл эрмэлзлэлтэй, ёс зүйтэй хүн байсан учраас  түүнд нь хөрөнгө оруулсан"

Өнөөдөр энэ бэлэг дэмбэрэлтэй сайхан өдөр “ҮР МИНЬ” брэнд маань Монголынхоо сайхан үрсэд эхийн хайраар урласан бүтээгдэхүүнийхээ шинэ үйлдвэрийн нээлтийг хийж байгаад баяр хүргэе! Энэ бол ганцхан “Үр минь” брэндийн хувьд биш Монголын маань үрсийн хувьд маш ээлтэй сайхан үйл явдал болж байна гэж бодож байна.

Яагаад гэвэл бид үргэлж импортын бараагаар аль сайн гэсэн хувцасыг хүүхдүүддээ өмсүүлдэг байсан бол өнөөдөр бид дотооддоо, үндэсний үйлдвэрийнхээ, монгол сайхан гэр бүлийн бий болгож, эхийн хайраар урласан хувцасыг хүүхдүүддээ өмсүүлэх боломжтой болж байгаад маш их баяртай байна.

Миний хувьд яагаад энэ бизнестэй холбогдчихсон юм бэ гэвэл энэ хавар А.Уянгатайгаа танилцах боломж олдоод хэд хэдэн удаа уулзсаны дараа хөрөнгө оруулалт сонирхож байгааг нь мэдсэн. Ерөнхийдөө бол миний хөрөнгө оруулалтын тал дээр баримталдаг зарчим маань хүнд нь ёс зүйнд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байдаг.

Тэгэхээр А.Уянга маань гэр бүлийн хамт маш ёс зүйтэй, тууштай хүсэл эрмэлзлэлтэй, үнэхээр энэ брэндийг гаргах юмсан гэсэн тууштай хүсэл эрмэлзлэлтэй байсан учраас би санхүү талаас нь биш илүү ёс зүйн талаас нь, бизнесийн ёс зүйн талаас нь нийгэмд ээлтэй гэдэг утгаар нь хөрөнгө оруулалт тал дээр нь тусалж ажилласан.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн менежер Г.Түвшинжаргал: "Залуу, эмэгтэй бизнес эрхлэгчээ дэмжих үүднээс, тус компанийн брэндийнхээ нэр төрхийг шинэчлэх болоод маркетингийнх нь зөвлөх үйлчилгээн дээр гарсан зардлынх нь 75-н хувийг буцалтгүй тусламжаар олгож дэмжлэг үзүүлсэн"

Юуны өмнө “Үр минь” брэндийн энэ  гэгээлэг сайхан бизнессийн шинэ үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Энэ хамт олонд өөрийнхөө хамт олныхоо өмнөөс мөн баяр хүргэе. Манай “Европын сэргээн босголт хөгжлийн банк”-ын ЖДҮ-г дэмжих хөтөлбөрийн хүрээнд, “Үр минь” брэнд манай зөвлөх үйлчилгээнд хамрагдсан байгаа.

Манай зүгээс зөвлөх үйлчилгээнийхээ хүрээнд тус компани брэндийнхээ нэр төрхийг шинэчлэх болоод маркетингийнх нь зөвлөх үйлчилгээн дээр гарсан зардлынх нь 75-н хувийг буцалтгүй тусламжаар олгож дэмжлэг үзүүлсэн.

Манай бизнессийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэг дэмжлэгийг бүхий л салбарын бизнесс эрхлэгчид авах боломжтой байдаг. Хамгийн гол шалгуур маань үйл ажиллагаа нь явагдаж эхлээд 2 жил болсон, зөвхөн эмэгтэй бизнесс эрхлэгч гэлтгүй үйл ажиллагаа нь тогтворжсон бүхий л байгууллагууд манайхаас зөвлөх үйлчилгээ авах боломжтой байдаг.

Голомт банкны байгууллага хариуцсан газрын захирал З.Мягмардорж: "Үр минь брэндийн үүсгэн байгуулагч А.Уянга маань ажлаасаа гарч хувийн бизнесээ эхлүүлсэн ч хичээл зүтгэл, тууштай байдлынхаа хүчээр өнөөдөр энэ амжилтанд хүрсэн, цаашдаа дэлхийд гараасай гэж хүсч байна"

А.Уянга захиралдаа болон “Үр минь” брэндийн хамт олонд баярын мэнд хүргэе! Энэ бол түүнийг дэмждэг хамт олон, энд ажиллаж байгаа үйлдвэрийн ажилтнуудынх нь баяр. Анх Уянга захирал бид хамтдаа Голомт банкинд хамт ажилладаг байсан. Тэрнээс үүдээд бид нэгнийгээ маш сайн мэддэг байсан.

Анх ажлаасаа гараад хувийн бизнессээ эхлүүлээд, маш том зорилт тавиад түүнийхээ хойноос үнэнч чармайлттай хичээнгүй, тууштай зүтгэснийх нь хариуд энэ брэндээ эхлүүлээд явсан байсан.

Үүнийг нь хараад ямар ч байсан туслах хэрэгтэй юм байна, дэмжих хэрэгтэй юм байна гэдэг үүднээс хэсэг бүлэг найзуудтайгаа нийлээд хамд ажилладаг байсан ажлын хамт олонтойгоо нийлээд бид анхны үйлдвэрээ нээх, үйлдвэртэй болох процессд нь туслаад манай хамт олон, манай хамт ажиллаж байсан хүмүүс, манай гэр бүлийн хүн хүртэл санхүүг нь хамт бодоод, цуг ажиллаад энэнээс өмнөх шатанд нь буюу эхний старт ап-д нь стэпийг нь хийж өгч байсан.

Үүнээс хойш зах зээл дээр өөрөө хөлөө олоод, дараагийн том хөрөнгө оруулагч нар орж ирж байгаад нь тун баяртай байна. Дараа дараагийн удаа Монголд гэлтгүй дэлхийн зах зээл дээр экспорт хийх болтугай гэж А.Уянга захиралдаа ерөөе!

“БрэндАртэ” компанийн үүсгэн байгуулагч, захирал Б. Мөнгөнсар: "Ковид бидэнд импортоос хараат байх нь маш аюултай хэзээ ч юу ч байхгүй болж болох юм байна гэдгийг харууллаа, иймээс үндэсний үйлдвэрлэлээ хэрэглээд явахаас гадна хэрвээ сайжруулах ёстой зүйл байвал тэрийг нь хэлээд явъя гэж ээжүүдийгээ уриалмаар байна"

“Үр минь” брэндийн хувьд нярай хүүхдийн хувцасыг Монголдоо үйлдвэрлэж байгаа хамгийн анхны газар гэж бодож байна. Энэ брэнд маань анх 2018 онд үйл ажиллагаагаа явуулж эхлээд, зах зээлд хэрэглэгчиддээ хүрж эхэлсэн. Энэхүү брэнд маань үнэхээр эгдүүтэй хайр татам үрсдээ зориулаад, хүүхдийн биед хамгийн тав тухтай, цэвэр даавуун дээр хөөрхөн, хөөрхөн үгсийг хэвлэж гаргадгаараа онцлог .

Манай компанийн хувьд энэхүү брэндийн хөгжүүлэлт дээр нь ажилладаг. Өнөөдөр бид хөгжүүлэлт дээр нь ажиллаад “Үр минь” брэнд зах зээлд шинэ дүр төрхтэйгөөр дахин мэндэлсэн сайхан үйл явдал болж байна. Брэнд бүтээнэ гэдэг нь өөрөө бол нарийн зүйл. Олон зүйлийг хамарсан үйл ажиллагаа байдаг.

Үр минь брэндийн хувьд үүсгэн байгуулагдснаасаа хойш өөрийн гэсэн үнэнч тууштай хэрэглэгчтэй, өнгө төрхтэйгөөр зах зээл дээр амжилттай байршаад явж байсан. Гэхдээ брэнд гэдэг яг л цэцэг шиг. Байнга усалж тордож байх хэрэгтэй байдаг. Тэгж байж илүү сайхан ургаж цэцглэдэг.

Тийм учраас “Үр минь” брэнд маань брэнд артийн компаниас маркетингийн үйлчилгээ авсан. Бид өнөөдөр “Үр минь” брэндийг дахин яаж хэрэглэгчийн хүсэмжит бүтээгдэхүүн болгох вэ, хүн болгоны хайртай бүтээгдэхүүн болгох вэ гэдэг дээр нь ажиллаад өнөөдөр цоо шинэ дүр төрхтэйгөөр дахин мэдэлж байна.

“Үр минь” брэндийг хэрэглэгчид хүүхдэд өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой, хүүхдийн биед тусгайлан зориулсан сайн чанарын хөвөн даавуугаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгийг төдийлөн сайн мэддэггүй байсан, гоё үгтэй, бичигтэй брэнд гэдгээр нь их авч хэрэглэдэг байсан бол бид  өнөөдөр өдөр тутам хэрэглэдэг, байгалийн натурал, түүхий эд материалаар үйлдвэрлэсэн брэнд болгож хөгжүүлж байна.

Ийнхүү брэндийнхээ мөн чанар, дотоод ертөнцийг дагаад дүр төрх маань бүгд өөрчлөгдсөн. Брэндийн логоноос авахуулаад, сав баглаа боодлын дизайн, брэндийн загвар дизайн, үг гээд бүх зүйл шинэчлэгдэж байгаа. Тэгэхээр хэрэглэгчиддээ юу гэж хэлмээр байна вэ гэхээр Монголдоо хүүхдийн хувцасыг үйлдвэрлэж, маш өндөр чанартайгаар, эхийн сэтгэлийг шингээж, чин сэтгэлээсээ урлаж байна гэдэг бол их чухал зүйл.

Ковид бидэнд импортоос хараат байх нь маш аюултай хэзээ ч юу ч байхгүй болж болох юм байна гэдгийг харууллаа. Тэгэхээр бид дотоодын үйлдвэрлэгч нараа байнга дэмжиж байх хэрэгтэй. Ийм сайхан брэнд зах зээлд дахин шинээр төрж байна. Дэмжээд хэрэглээд явахаас гадна хэрвээ сайжруулах ёстой зүйл байвал тэрийг нь хэлээд явъя гэж ээжүүдийгээ уриалмаар байна.

"ҮР МИНЬ" брэндийн шинэ үйлдвэрийн нээлтийн ёслүлын үйл ажиллагааны зургуудаас хүргэж байна.