Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.09.23 14:18
10434
АН: ЗГ БОЛОН ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ИРГЭДЭЭС УУЧЛАЛТ ГУЙ, БИД ИРГЭДТЭЙГЭЭ ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙНЭ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, ЗГ-т шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бид эрх баригчдаас хариуцлага нэхэн шаардлага хүргүүлж байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр эсвэл маргааш нэн яаралтай хуралдаж үүссэн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Монгол Улсын төр УИХ юм. Яаралтай хуралдаад байж байх ёстой цаг үед амраад байж болохгүй. Өнөөдөр улсад үүсээд буй нөхцөл бол 300 мянга гаруй хүн халдвар авсан, 1200 гаруй хүн нас барсан, 2 жил хориндсон хичээл сургууль эхэлсэн, шатахуунгүй болсон ийм үед 76 гишүүн амраад байж болохгүй. Сонгуулиас хойш УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан үе байхгүй. 

- Нэгдүгээрт УИХ-ыг яаралтай хуралдуулах шаардлага тавьж байна.

- Хоёрдугаарт ЗГ, Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Өнөөгийн Засгийн газраас шалтгаалж энэ байдалд хүрсэн гэдэг дүгнэлт байна.

- Ерөнхийлөгчид мөн хүсэлт тавьж байна. Сонгууль гэж халдвар тараасан. Уул овоо тахих нэрийдлээр халдвар тараасандаа уучлалт гуй.

Өнөөдөр үүсээд буй шатахууны асуудал олон зүйлийн ердөө нэг илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий.

Өнөөдрийн хэмжээнд үүссэн нөхцөл байдлыг та бүгд мэдэж байгаа. Урагшаа хойшоо хилээ хаалгалаа. 30 жилийн хугацаанд ийм байдалд хүрж байсангүй. Халдвар хэрээс хэтэрлээ. Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болооод хүн, малын халдвар үнэхээр газар авлаа. Тиймээс Ардчилсан нам эвлэж нэгдэн эрх баригчдаас хариуцлага нэхэж байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Монгол улсын эдийн засаг уналтанд ороод байна. Бусад улс ковидын эрсдлээ тооцоод эдийн засгаа аваад явж байна. Монгол Улсын ЗГ, эрх баригчдад эрх мэдэл нь дутаагүй. Төсөв санхүү бүх эрх мэдэл нь бүгд байна. Үндсэн хуулиас гадуур шахуу эрх мэдлийг нь өгөөд хоёр жил боллоо.

Төр засаг гэж байдаг бол ирээдүйн тухай биш юм гэхэд маргаашийн тухай бодож удирдах ёстой. Гэтэл эрх бариогчид зөвхөн өнөөдрөөр л удирдаж байна. Улс орныг хаяад хэрхэн яаж ялах вэ л гэж бодож байна. Өнөөдөр үүсээд буй шатахууны асуудал нь зөвхөн олон зүйлсийн нэг илрэл. Цаана нь үүнтэй адил тэсрэхэд бэлэн олон асуудал бий. Энэ нь зөвхөн өнөөдрөөр л харж удирдсаны хар гай юм. Ардчилсан намын зүгээс бид ард иргэдтэйгээ хамт гудамжинд гарч тэмцэл өрнүүлэхэд бэлэн байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
Өнөөөдөр эрх баригчид ард иргэдийг туйлдуулж дорлйтуулж дуусч байна. Одоо боллоо. "Одоо боллоо" уриатайгаар 10 дугаар сарын 1-нд төв талбайд цуглана. Эрх баригчдад мэдрүүлэх хэрэгтэй байна. Жагсаал цуглаан хийх нөхцөл үүссэн. 

Ардчилсан намаас тавьж буй шаардлага:

  1. Шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх
  2. ОХУ, БНХАУ хоёр улсад байгаа, мэргэжлийн бус Монгол Улсын Элчин сайд нарыг эгүүлэн татах
  3. Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт  төсвийн мөнгөөр үр ашиггүй хөрөнгө оруулалт хийж буй луйврыг зогсоох
  4. Удаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргаж, иргэдийн итгэлийг алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох гэсэн шаардлагуудыг биелүүлэхгүй бол аравдугаар сарын 1-нд Засгийн газрыг огцруулах бүх нийтийн тэмцлийг зохион байгуулна гэв.