Нийслэл
2021.09.24 15:02
1917
Ж.Батбаясгалан: МОНЦАМЭ бол Монгол Улсын түүх юм

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой энэ онд  тохиож байна.  

МОНЦАМЭ агентлаг нь анх 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаат эх сурвалж байсаар ирсэн юм. МОНЦАМЭ агентлаг нийслэл Улаанбаатар хот, 21 аймаг болон ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотод байнгын сурвалжлагчтай үйл ажиллагаа явуулж байна.

Үндэсний мэдээллийн ууган агентлагийн тэгш их ойд  зориулсан “МОНЦАМЭ-100” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээгээд байна.
Өнөөдөр энэхүү  үзэсгэлэнг  Нийслэлийн  ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  үзэж сонирхон, үндэсний мэдээллийн агентлагт ажиллаж байсан үе  үеийн сэтгүүлч, сурвалжлагч, гэрэл зурагчид, орчуулагчид болон уран бүтээлчдэд баяр  хүргэлээ.  

Тэрбээр “МОНЦАМЭ агентлаг бол зөвхөн нэг байгууллага бус Монгол Улсын түүх юм. Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд маш том гүүр болж байсан байгууллага бөгөөд одоо ч энэ үүргээ биелүүлсээр байгаа.  
Монгол Улс ямар чиг баримжаатай хөгжиж байгаа, улс орнууд, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдтэй хэрхэн нээлттэй хамтран ажиллаж байгааг олон хэлээр түгээн дэлгэрүүлж, дэлхий нийт аль чиг хандлага руу явж байгааг Монгол түмэндээ хүргэдэг.

Бид 100 жилийн ойг баяр гэж хүлээж авахаас илүү өнгөрсөн хугацааны алдаа оноо, ололт амжилтыг дүгнэх цаг үе гэж ойлгож байгаа. Өнөөдөр хүн бүр мэдээлэл дамжуулах боломжтой болсон. Гэхдээ үнэн бодит, эх сурвалж нь тодорхой мэдээлэл хамгийн үнэ цэнтэй гэдгийг хүн бүр ухамсарлах ёстой. Тиймээс Монгол Улсад болж байгаа үйл явдлыг дэлхий нийтэд хүргэдэг МОНЦАМЭ агентлагийг улам хөгжүүлэхэд нийслэлийн удирдлагууд, иргэд хамтран ажиллах ёстой юм” гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ