m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
2021.09.24 18:29
1213
Үнийн хөөрөгдөлттэй иргэдийн амьдралын ачаалал шууд хамааралтай

Бензин болон бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ сүүлийн үед өсч иргэдийн амьдралд томоохон ачаа нэмэгдээд байгаа юм. Мөн Монгол улс шатахууны хомсдолд орж нийгэмд тулгамдах асуудал нэгээр нэмэгдсэн. Энэ зүйлс дээр иргэд ямар байр суурьтай байгааг та бүхэнд хүргэе.  

Иргэн Ц.Мягмар:

Иргэдийн амьдрал хүнд байна. Цаг үеийн нөхцөл байдал өвчин зовлон ихтэй байгаа. Дээрээс нь бензиний үнэ өсч, түүнийгээ дагаад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь бидний амьдралд их ачаа болж байна.

 Бид ажил хийж хэдэн төгрөг олоод зарцуулаад болдог байсан бол одоо олсон мөнгө хүрэлцэхгүй байна. Энэ бол юмны үнэ өсч байгаагаас шууд хамааралтай. Төр засаг дарга нар гээд худлаа баахан мөнгө ярьсан хүмүүс байх юм. Ард иргэдийнхээ амьдралыг харж зөв зохион байгуулалт хийдэг баймаар байна. Тэд хэдий өөрсдөө болоод байгаа ч гэсэн иргэдэд үүсч байгаа хүндрэлийг тооцоолох хэрэгтэй.

Бензиний үнийг тогтвортой байлгах нь чухал. Үгүй бол бүх зүйлийн үнэ дагаад нэмэгддэг. Нэг бол юмны үнэ өсөж байгаа бол цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ адилхан нэмэх нь зөв.

Ийм харьцангуй байдалтай байж болохгүй биздээ.

  

Иргэн С.Наранцэцэг:

Сүүлийн үед бензиний хомсдол үүсч байгаа. Энэ нь бидний амьдралд их нөлөө үзүүлж байна. Би уг нь машинтай гэхдээ өнөөдөр бензинээ авч чадахгүйн улмаас алхаад явж байна. Бүр хол газар бол автобусанд суухаас өөр гарц алга. Уг нь энэ цар тахал өвчлөл нэмэгдсэн хүнд хэцүү үед нийтийн тээврээр үйлчлүүлэх нь маш эрсдэлтэй. Тэгэхэд зарим иргэд бензингүй болсон учир нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй болсон. Энэ асуудлаа хурдан шийдэхгүй бол нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдийн ачааллаас болж короно ихсэх магадлалтай.

Өмнө нь 2 мянган төгрөгөөр талх аваад нойлын цаас авчихдаг байсан бол одоо хүрэлцэхгүй болсон нийгэм. Ойр ойрхон ингэж юмны үнэ өсөж байгаа нь иргэдийн амьдралд маш хүндээр тусч байна. Үнийн хөөрөгдөлтийг тогтвортой байлгах нь иргэдийн амьдралын ачааллаас хөнгөвчилж байгаа хэрэг.

Хөдөө бие нь муу байгаа эгч дээрээ очих гээд чадахаа болиод байна. Хот хоорондын унаа тэрэгний зардал маш их өссөн. Энэ бас л бензиний үнийн хөөрөгдөлттэй холбоотой асуудал. Ер нь бензин өсөхөд дагаад бүх зүйлийн үнэ  өсөж байгаа нь бидний амьдралд шууд нөлөөлж байдаг.