Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эдийн засаг
2021.09.24 18:59
12714
АЛТАН ДЭЭР СУУСАН МОНГОЛЧУУД ХОЁР ХӨРШӨӨ ГУЙЛГАЧИЛСААР СУУХ УУ?

Монгол улс цар тахлаас шалтгаалаад 2 жилийн хугацаанд эдийн засгийн уналтад ороод зогсохгүй  хөл толгойгоо алдаад байгаа билээ. Тэгвэл сүүлийн саруудад шатахууны асуудал иргэдийн толгойны өвчин болов. Тодруулбал ОХУ болон БНХАУ-аас манай улсад шатахуун импортлох боломжгүйгээ мэдэгдсэнээр ШТС-ууд шатахуунаа нөөцөлж, хэрэглэгчдэд лимиттэй олгож эхэлсэн. Үүнээс үүдээд штс-ыг манаж, өдөржин шөнөжин оочирлох машины цуваа үүсээд нилээн хэд хонолоо.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон нь хэд хоногийн өмнө Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор авдаг. Үүнийг гэрээгээр зохицуулж, харилцан үүрэг хүлээж ажиллаж байна. Манай улс нийт сарын 38-40 мянган тонн АИ-92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. 5 гаруй хувийг урд хөршөөс авдаг. ОХУ хамгийн багадаа 28 мянган тонныг нийлүүлэх үүрэгтэй. Гэтэл үүнийгээ нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдсэн.

Ингээд  БНХАУ-ын China oil компанитай манай 5 ААН гэрээ хийсэн. Өчигдөр ОХУ 10-р сарын 1 хүртэл шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэсэн. Иймд ААН-үүд шатахуунаа хоёр улсаас импортоор авдаг тул манай ААН-үүд борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ хэмээн далан булчирхайгаа тоочоод сууж байсан.  

АМГТГ-аас энэ үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө шатахууны нөөц хангалттай байгаа, хомсдол үүсэх нөхцөл байхгүй хэмээн хэлж байсан ч ийнхүү дарав ч далдайна булав ч бултайна гэгчээр үнэн ил гараад ирсэн байдаг.

Сүүлийн 2 хоногт эрх баригчид хийгээд салбарынх нь хүмүүс энэ асуудлыг зохицуулахаар хойд урд хоёр хөршийг нилээдгүй гуйлгачилж байж ирэх сард шатахуун импортлохоор болоод буй.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хангамж, нийлүүлэлтэд үүсээд буй нөхцөл байдалд хүргэсэн, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно гэж анхааруулсан.  Энэ бол хэн нэгэнд анхааруулаад, харицлага тооцоод өнгөрөх асуудал биш юм.

Монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин гэдэг оргүй хоосон үг биш гэдгийг бодитоор харууллаа. Бид газрын тосыг олборлодог хэдий ч манай улсад үйлдвэрлэл хөгжөөгүйн хар гайгаар түүхийгээр нь гадагшаа гаргачихдаг. Ингээд дараа нь бусад улс орноос гуйлгачлаад царай алдаад явж байдаг.

Дараа дараагийн удаа Орос ах нар болоод урд хөрш маань шатахуунаа нийлүүлэхгүй болчихвол дахиад ийм нөхцөл байдал үүсэхгүй гэсэн баталгаа алга байна.

П.Очирбат ерөнхийлөгч байх үедээ Дорнод аймагт Тамсагийн сав газарт газрын тос илэрэхэд  манай улс шингэн алттай боллоо хэмээн ноолууран дээлээ мялааж долоон жилийн дараа манай улс дотооддоо шатахуунаа үйлдвэрлэдэг болно хэмээн ам гарч байсан удаа бий. Тэгвэл өдгөө 6 дахь ерөнхийлөгчийнхөө нүүрийг үзсэн ч монгол улс шатахуунаараа ч зогсохгүй бүх зүйлээрээ бусад улс орноос хараат байсаар байна.

Одоо шатахуунаа өөрсдөө дотооддоо үйлдвэрлэе гэсэн ч бараг л боломжгүй нөхцөл байдал үүсчихсэн байдаг. Уг нь хэлсэн ярьсан нь хөрсөндөө буудагсан бол жил бүр бид гаднаас 40 мянган тонн АИ-92 шатахуун оруулах хэдэн зуун тэрбумыг  гадагшаа урсгачихгүй дотооддоо эргэлдүүлэх боломж бүрдэх юм.

Гэвч бид хэдийнээ хоёр хөшийнхөө дунд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг байсаар гэдийхэд нь гудайж, өнгийхөд нь бөхийсөөр өнө олон жилийг үдэж, өнөө л энэ бахь байдгаараа хэдэн жилийн дараа байсаар байх л дүр зураг харагдаж байна. Магадгүй хоёр хөрш маань ганц эдийн засгийн эргэлтийн эх үүсвэр болсон оюутолгой эрдэнэт үйлдвэрээ өг үгүй бол шатахуун импортлохгүй гээд гэдийчихвэл юу болохыг бодоод нэг үз!

Бусдыг гуйж гуйлгачилж суухаасаа урьтаад дотооддоо, эх орондоо шатахуун боловсруулах үйлдвэр эрхлэх ямар гарц гаргалгаа байна түүнийг эрэлхийлээд явбал бидэнд боломж нөөц нь байна. Түүхий эдээ ашиглаж, боловсруулах үйлдвэр барьж эхэлбэл дэлхийн хэмжээнд хүрэх ч зам бий. Хоёр тийшээ бөхөлзөөд, хойно урд нь орж гүйхээсээ урьтаад боловсруулах үйлдвэр барих ажлаа эрчимжүүлэхгүй бол хар алтнаас үүдэлтэй хамаг бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаад инфляциа дийлэхгүй хэмжээнд хүрчихээд байна даа!