Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2021.09.25 12:53
4476
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Үндсэн хуулийн цэц өөрөө хууль зөрчлөө

Үндсэн хуулийн цэц өчигдрийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргалаа. 

Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилохоор заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлтийг цэц Дунд суудлын хуралдаанаасаа гаргасан. Гэвч уг дүгнэлтийг УИХ хүлээн авахаас татгалзсан юм. 

Харин өчигдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авснаар  өмнөх дүгнэлт болон уг дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсан УИХ-ын тогтоолыг тус тус хүчингүй болгох шийдвэр гаргажээ. 

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас гаргасан албан ёсны мэдээлэлд "Үндсэн хуулийн цэцийн өнөөдөр /2021-9-24/-ийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан хүсэлтээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсантай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүчингүй болсонд тооцож, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй ”Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” Улсын Их Хурлын 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тогтоолыг хүчингүй болгов" гэжээ. 

Харин цэцийн хуралд УИХ-ыг төлөөлөн оролцсон Б.Энхбаяр гишүүн "Үндсэн хуулийн цэц өөрөө хууль зөрчлөө" гэж сошиал хаягтаа бичжээ.