У.Ууганцэцэг
Дадлагажигч сэтгүүлч
Нийгэм
2021.10.07 10:23
2412
"ДАРХАНЫ ЗАМ 2024 онд ашиглалтад орвол их юм"

Хот хөдөөг холбосон аюулт замуудын нэгийг ДАРХАНЫ ЗАМ гэвэл маргах хүн цөөнгүй болжээ. Сүүлийн хоёр сонгууль дамнан энэ замыг шинэчлэх асуудлыг ярьж байгаа ч өнөөдөр бас л "замгүй" сууна. Харин замтай болох гэсэн тав, зургаан жилд энэ замд осолдож амь насаа хүний тоо мянга дөхжээ. Монголчуудын зарим нь энэ замд явахаас ч айдаг болсон. Дарханы замыг шинэчлэх санхүүжилт, хөрөнгө мөнгө нь аль гурван жилийн өмнө шийдэгдсэн ч 2024 оноос нааш энэ замаас сайн зүйл хүлээхэд бэрх болжээ. 

Хүслээр тэжээгдэн, хойшилсоор ирсэн гурван жил

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгож, 2019 онд бүрэн ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан байдаг. Тус авто зам Азийн хөгжлийн банк олон ЕСБХБ-ны зээлийн хөрөнгийн эх үүсвэртэй бөгөөд Азийн хөгжлийн банкны замын гүйцэтгэл 60 хувь, ЕСБХБ ойролцоогоор 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг Зам тээврийн тээврийн яамнаас мэдээлсэн.

Дархан, Сэлэнгэ зэрэг хойд бүс, тус бүсийг зорих иргэдийн цор ганц хүсэл аюулгүй, стандартад нийцсэн замаар зорчих, бараа материалаа тээвэрлэхэд оршино. Харамсалтай нь зохион байгуулалт, төлөвлөлтгүйн балгаар энэ хүсэл хойшлогдсоор гурван жилийн нүүр үзлээ. Ажиллах хүч хомс, цар тахал, нэг компанид хоёр багц олгосон зэрэг өнгөц асуудлаас болж их бүтээн байгуулалт хийгдсэнгүй. 

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэлийн явцыг  харвал:

Багц1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар Модотын давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлын гүйцэтгэл – 85.43 хувь

Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын ажлын гүйцэтгэл  - 89.49 хувь

Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын ажлын гүйцэтгэл - 92.82 хувь

Харин хоёр болон дөрөвдүгээр багцын ажил саатсан байдалтай байна. Түүнчлэн ЕСБХБ-ны таван багц ажил 2023 оны намар дуусах гэрээтэй. Гэвч өнөөдрийн байдлаар нийт ажлын хоцрогдол 40 гаруй хувьтай байгаа юм. Энэ нь цаг агаар, цар тахлын хорио цээр болон гүйцэтгэгч компаниудын дотоод зохион байгуулалт гэсэн үндсэн гурван шалтгаанаас үүдэлтэй байгааг яамныхан тайлбарласаар байгаа юм. Түүнчлэн ЕСБХБ-ны хоёр, гуравдугаар багцыг "Жунмей Инженеринг Групп" гэх нэг компанид дангаар өгсөн нь  бодит төлөвлөгөөнөөс 45 хувь орчим хоцрогдолтой болгоход нөлөөлжээ.

ЕСБХБ-ны таван багцын гүйцэтгэлийг харвал:

Багц 1: “Арж капитал” ХХК барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн - Ажлын явц:  39.35 хувь /хоцрогдол 40%/

Багц 2: Жунмэй Инженеринг групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн -Ажлын явц: 19.39 хувь

Багц 3: Жунмэй Инженеринг групп барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн - Ажлын явц: 18.98 хувь

Багц 4: Шанхай Констракшн групп барилгын ажлыг 2021.04.06-ны өдрөөс эхлүүлсэн - Ажлын явц: 15.58 хувь

Багц 5: БНХАУ-ын Чайна Гежөүба групп Компани барилгын ажлыг 2021.03.18-ны өдрөөс эхлүүлсэн - Ажлын явц: 19.49 хувьтай явж байна.

ЗТХЯ-ны сайд Л.Халтар “Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлээр барьж байгаа Дарханы зам гэрээний дагуу 2022 оны арван сар гэхэд хөдөлгөөнөө нээх болно. Дөрөвдүгээр багц дээр Азийн хөгжлийн банкны тавдугаар багцын ажлыг хийсэн Хятад компани шалгарсан. Бидний хамгийн их цаг алддаг хэсэг ус зайлуулах дугуй хоолой, дөрвөлжин хоолойнууд, гүүрийн ажил. Одоо Европын сэргээн босголтын банкны хучилтыг хүлээнэ. Гэрээгээрээ ирэх оны арваннэгдүгээр сарын дунд гэхэд ашиглалтад орох ёстой. 24 сард ажлаа багтаж дуусга мөн хоёр, дөрөвдүгээр багцтайгаа уялдуулаад ирэх оны арваннэгдүгээр сар гэхэд замыг ашиглалтад оруул гэж шахаж ажиллаж байна” гэж байлаа.

Тэрээр 2022 он буюу ирэх жилийн өдийд ЕСБХБ-ны хөрөнгөөр босгож байгаа зам ашиглалтад орно гэж байгаа ч өмнөх АХБ-ны зам шиг хэдэн улирал дамнахыг хэлж мэдэхгүй. Учир нь замын ажил бол улирлын чанартай. Иймд ямар нэг хоцрогдолтгүй төлөвлөлттэй явж байж, наанадаж заасан хугацаандаа ашиглалтад орох нөхцөл бүрдэнэ. Гэвч бодит төлөвлөгөөнөөс 45 хувиар хоцрогдолтой явна. 

Өнөөдрийн эрх мэдэлтнүүд дундаас Дарханы замыг нэхэж, шахаж шаардаж, салбарын сайдын чихэнд хонх уяж, өрөөнд нь хононо гэж айлгаж байгаа  ганц хүн нь Дарханаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн гээд хэлчихэд буруутахгүй. Уг нь энэ зам ганцхан Дарханд хамаатай асуудал биш Сэлэнгэ, Эрдэнэт, Хөвсгөл, Булган гээд олон аймгийг холбох төв магистрал зам. Гэвч тойргоос сонгогдсон олон гишүүд таг дүлий. Олон иргэдийн амь нас, эд хөрөнгөтэй холбоотой ийм л юман дээр хүчээ нэгтгэмээр.

Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Дарханы бүтээн байгуулалт гэж иргэдийн зовлон болсон ажил болж хувираад гурван жил өнгөрч байна. Анх Засгийн газраас 2020 оны зургадугаар сард ашиглалтад бүрэн өгнө гэж зарласан байдаг. Гэтэл одоо бол үндсэндээ 2024 оноос өмнө амжиж дуусвал их юм болохоор нөхцөлтэй байна” гэж хэлсэн байдаг.

Гүйцэтгэгч нарын мэдээллийг харвал, нээрээ л Дарханы зам 2024 онд гэхэд ашиглалтад орвол ёстой баяр, наадмын дайтай юм болох байх. Эрх баригчид ч дараагийн сонгуультай золгохоос өмнө эл бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж таарна. Гэхдээ ирэх гурван жил Дарханы замын эвдрэл гэмтлээс болж хэдэн хүн алтан амиа алдах бол. 

Хүсэл, хяслын заагт орших хүний алтан амь

“Хөдөө орон нутгийн замд хүн бэртлээ, осол гарлаа” гэвэл “Дарханы зам”-д юм уу даа” гэж бодохоор мэдээллүүд гарсаар. Өнгөрсөн оны өдийд буюу 2020 оны есдүгээр сард Дарханы замд 117 осол бүртгэгдэж, 11 хүн нас барж, 33 хүн бэртсэн байна. 

Саяхан буюу есдүгээр сарын 26-ны өдөр л гэхэд тус замд “Тоёота Приус” маркийн автомашин “Ниссан Санни” маркийн автомашинтай мөргөлдөж, харамсалтай нь нэг хүн нас барсан хэрэг гарсан. Гэтэл энэ хэрэг гараад арав ч хоноогүй байхад дахин нэг хүн осолдож, алтан амиа алдав. 

Монгол хүний амь юу юунаас илүү үнэ цэнтэй гэж төрийн эрхэм гишүүд, сайд дарга нар хэлэх дуртай. Гэвч бодит байдал дээр энэ үг ганцхан замын жишээн дээр л бүдэрч байна.

Намар удахгүй дуусч, өвөлтэй золгохоор замын ажил нам зогсоно. Ирэх хавар дахиад л бөөн, бөөн асуудал. Ганц замын бүтээн байгуулалтыг зохион байгуулж чадахгүй байгаагийнх нь төлөө салбарын сайдыг огцруулсан ч багадна.

Өнгөрсөн хэдэн арваны турш хот хөдөөг холбосон гол замын нэг Дарханы зам байлаа. Гэтэл өнөөдрийн байдлаар хотоос эмнэлгийн цуваа, цагдаагийн машиныг осолтой холбох зам болжээ. 

                                                                                                                                                                                           Эх сурвалж: iToim