Улс төр
2021.10.08 09:51
2986
МУ-ЫН 2022 ОНЫ ТӨСӨВТ ХӨСҮТ-Д МӨНГӨ СУУЛГАЯ!

МУ-ЫН 2022 ОНЫ ТӨСӨВТ ХӨСҮТ-Д МӨНГӨ СУУЛГАЯ!

 

ХӨСҮТ-ийн эмчилгээний тасгагтай та өнөөдөр очиж танилцсан. Байдал ямар байсан бэ? Халдвартын эмнэлэг байж эрүүл мэндийн шаардлага хангахгүй орчинтой талаар иргэд олон нийт шүүмжлэлтэй ханддаг ?

Өнөөдөр ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг болон эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа. Энэхүү объектууд 1986 онд ашиглалтад  орсон бөгөөд анх баригдаж байснаас хойш ямар ч шинэчлэл засвар хийгдээгүй 35 жилийн нүүрийг үзэсэн байна. Социализмын үеийн хана, тааз, паар яг тэр хэвээрээ!

 ХӨСҮТ-д заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, биеийн байдал нэн хүнд гэсэн хэчнээн иргэн байгаа талаар тэнд мэдээлэл өгсөн үү? Өнөөдрийн байдлаар  хэдэн хүн сэхээнд хэвтэж байна вэ?

10 сарын 06 буюу өчигдөр шөнийн байдлаар Коронавирусын халдвар авч хүндэрсэн 471 иргэн ор гарахыг хүлээж байгааг сонсоход туйлын харамсалтай байна. Энэ оочер, хүлээлт ганц ХӨСҮТ ч биш бусад бүх эмнэлгүүдэд тулгарч байгаа асуудал юм. Өнөөдрийн байдлаар маш хүнд заалттай 367 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эндээс нэн хүнд гэсэн ангилалтай 21 өвчтөн сэхээний тасагт байна. Хүнд болон нэн хүнд өвчтөнүүдийн тоо сүүлийн үед маш их нэмэгдэж байгаа тул орны хүрэлцээний асуудал тулгараад байгаа талаар эмч, эмнэлгийн ажилтнууд ярьж байна.

 1986 оноос хойш 35 жилийн хугацаанд нэгдсэн засвар хийж байгаагүй гэж үү?

Энэ хугацаанд улсаас тодорхой төсөв суулгадаг ч ХӨСҮТ-д нийт 28 том объект байдаг. Төсөв нь хаанаа ч хүрдэггүй талаар ярьж байсан. Жишээ дурдахад 2013-2019 онуудын 7 жилийн нийт төсвийг л тооцоход 1,1тэрбум төгрөг гэдэг бол нэгдсэн том эмнэлгийн хувьд маш бага юм. Багахан төсвөөр болон хандиваар хэсэгчилсэн засвар орсон байна. ААН байгууллагууд, хэвтэн эмчлүүлээд бодит байдлыг биеэрээ мэдэрсэн иргэд, сайн  дурынхны  тусламж дэмжлэгээр өрөө, тасаг, тусгаарлалтын шилэн хаалтууд зэрэгт засварууд хийгдэж өдийг хүржээ. Улсдаа ганцхан байдаг Халдвартын эмнэлгээ яагаад  өдийг хүртэл бүрэн засвар, шинэчлэлт хийгээгүй байгааг хараад үнэхээр эмзэглэж гайхаж байна. УИХ-иар төсөв хэлэлцэхдээ бид ХӨСҮТ-ийннэгдсэн засвар шинэчлэлтэд зайлшгүй төсөв суулгах хэрэгтэй.

Коронавирусын халдвар дотооддоо тархаад хоёр жил болж байна. Энэ жилүүдэд тоног төхөөрөмж, шаардлагатай хангамжийг төсөвт суулгаж байсан уу?

Олон жил эмнэлгийн лифтнүүд ажилладаггүй, тоног төхөөрөмжийн дутагдалтай байсныг Сангийн яам 3.2 тэрбум төгрөгийн төсөв суулгаж шийдүүлж өгсөн талаар эмнэлгийн удирдлагууд ярьсан. Гэхдээ одоогоор лифтүүд ажиллагаанд орж эхлээгүй байна. Энэ асуудал нь эмнэлгийн ажилтан болон өвчтөнүүдэд маш их бэрхшээл болдог. Учир нь хүндэрсэн өвчтөнг дөрвөн давхраас нэг давхрын сэхээний тасаг руу өөрсдөө үүрч зөөдөг талаар ярилаа.Мөн ХӨСҮТ өөрийн зардлаар 24 цагаар ажилладаг хоолны газартай болсон нь ажилчдын талархал хүлээж ажиллах нөхцөл бага ч гэсэн дээрдсэнд баяртай байгаа тухай хэлж байсан.

Нэн яаралтай шийдэх асуудлуудыг ХӨСҮТ-ийн удирдлагууд хэлэхдээ:

1. Ерөнхий сантехник, агааржуулалт, цахилгааны асуудлыг бүрэн шинэчлэх
2. ХӨСҮТ-ийн доор цэвэрлэх байгууламжид засвар оруулах онцгой шаардлагатай байгааг ярьсан юм. Учир нь халдварт өвчинтэй өвчтөнүүдийн био бэлдмэлийг цэвэрлэж ариутгаж байж нийтийн хог хаягдлын шугам руу нийлүүлдэг юм байна.

Ийм учраас шаардлагатай байгаа засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн төсвийг Монгол улсын 2022 оны нэгдсэн төсөвт зайлшгүй суулгах шаардлагатай байна.