Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Ярилцлага
2021.10.11 17:54
27135
С.Баянмөнх: ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫГ ДОРДУУЛЖ БОЛОХГҮЙ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбоотой Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч С.Баянмөнхтэй ярилцлаа.

А: Шинэ хуулийн төслийн онцлог болон давуу, сул тал юу байна?

Х: Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 2012 онд батлагдахдаа 8 бүлэг 70 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар 7 бүлэг 40 зүйлтэй болж, хуулийн зохицуулах зүйл, цар хүрээ хумигдсан байна. Энэ нь Өмгөөллийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор давхардуулсан чиг үүрэг шаардлагагүй гэж үзсэн байж болох боловч бодит байдлыг харьцуулаад үзэхээр зайлшгүй хэрэгжүүлэх зарим чиг үүргүүд хуулийн төсөлд орхигдсон байна.
Тухайлбал: Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, бодлогын нөлөөлөх хийх, хууль зүйн шинжлэх ухааныг дэмжих, хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэх мэтчилэн чухал чиг үүргүүд хасагдсанаар Хуульчдын холбоо нь уг хуулийн төслөөр хуульчийн мэргэжлийн шалтгалтыг зохион байгуулах, хуульчийн үргэлжилсэн сургалт, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг зохион байгуулах, хуульчид тавигдах нийтлэг шаардлагыг тодорхойлох, хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтлөх зэр
эг тодорхой хэдэн чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгажээ.  

А: Дээрх орхигдсон гэх чиг үүргүүд байх нь ямар ач холбогдолтой вэ?

Х: Хуульчдын холбоо бол мэргэжлийн холбоо, гишүүн хуульчдынхаа оролцоотойгоор 17:51:32 үйл ажиллагаагааявуулдаг. Мэргэжлийн холбооны гол онцлог бол тухайн салбарынхаа нарийн учрыг таньж мэдсэн, онол, практикын түвшинд өндөр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд байдаг. Гэтэл зайлшгүй оролцох ёстой хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх зэрэг чиг үүрэг байхгүй болохоор энийг хэн хийх вэ? гэдэг нь тодорхойгүй, хэрэгжүүлж болох чиг үүргүүдийг хассанаар Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн төсөл болжээ гэж үзэхээр байна.

А: Намрын чуулганаар хэлэлцэхээр орсон хуулийн төсөл гэж байсан нийт хуульчдаасаа санал аваагүй юм уу?

Х: Гишүүн хуульчынхаа хувьд би энэхүү хуулийн төслийг Хууль зүйн яамны вэб сайтаас л харж байна. Хуулийн төсөлд тодорхой санал хүргүүлж, энэ мэт алдааг засах тал дээр ажлын хэсгийн ахлагчид хандах болно.

А: Мэдээж Хуульчдын холбоо төсөл дээрээ ажилласан л байх, та яагаад энэхүү хуулийн төсөлд ач холбогдол өгөөд байна вэ?

Х: Нэгдүгээрт би уг холбооны гишүүн хуульчынхаа хувьд холбооныхоо ирээдүйд санаа зовж байна, ялангуяа дээрх тодорхой чиг үүргийг мэргэжлийн холбооноос өөр субьект хийх боломж нөхцөл өнөөдрийн түвшинд байхгүй. Хоёрдугаарт: Залуу хуульчийн хувьд холбооныхоо үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож 2018 оноос хойш Төлбөрийн чадваргүй иргэнд, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн туслалцаа үзүүлэх хорооны тэргүүнээр уг ажлыг 3 жилийн хугацаанд зохион байгуулж, жилд дундажаар 200 гаруй иргэнд өмгөөллийн үнэ төлбөргүй туслалцааг үзүүлж ирсэн цаашид ч холбооныхоо үйл ажиллагаанд гар бие оролцооод явна.

Хуульчдын холбоо төсөл дээрээ хэрхэн ажилласаныг бол мэдэхгүй байна? гишүүн хуульчийн хувьд саяхан мэдээд л байж байна.

А: Хуулийн төсөл дээрх байдлаар батлагдвал Хуульчдын холбоо юун дээр төвлөрч ажиллах нь чухал байна?

Х: Мэдээж хуульчийн мэргэжлийн шалгалт, сургалтын чанарыг сайжруулах асуудал чухал. Харин хууль зүйн сургуулиудыг магадлан итгэмжлэх асуудал дээр Үндэсний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйчдийг бэлтгэн гаргах системд онцгой анхаарах цаг болжээ. Ялангуяа, сүүлийн үед улс төрийн нөлөөлөх гэдэг юм уу? Эрх зүйн суурь ойлголтуудыг гажуудуулах, асуудлыг шинжлэх ухаанч, эрх зүйт бус зарчмаар шийдэх хандлага бий болж байгаа тул суурь эрдмийг олгох асуудалд онцгой анхаарах хэрэгтэй гэж харж байна.

А: Хуульчдын холбооны нийгэмд гүйцэтгэх гол үүрэг юу вэ?

Х: Хуульчдын холбоо бол зөвхөн гишүүн хуульчиддаа үйлчилдэг байгууллага бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд болохынхоо хувьд дээр дурьдсанчлан иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа хуульчдынхаа чанарыг сайжруулах, бэлтгэн гаргах системд анхаарах, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, нийтийн эрх, ашгийн үүднээс хууль тогтоомжын судалгаа хийх, иргэдэд эрх зүйн туслалцаа, мэдээлэл хүргэх зэрэг нь бүгд эцсийн дүндээ нийгэмд чиглэсэн л үйл ажиллагаа тул уг холбооны эрх зүйн байдал одоогийнхоосоо улам дордох нь эргээд иргэдэд л хохиролтой.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.