Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2021.10.12 14:10
4246
Далд эдийн засгийг ил болготол НӨАТ-ын хоёр хувийг хөдөлгөхгүй

НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2%-ийг 10% болгон нэмэгдүүлэх саналыг олон нийтээс гаргадаг. Тэгвэл энэ хувь хэмжээг хөдөлгөхгүй гэж  Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. 

Монгол Улс далд эдийн засаг ямар хэмжээнд байгааг НӨАТ-ын системээр дамжуулан тооцож байгааг тэрбээр хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33% нь далд байна гэж тооцож байгаа аж. 2017 онд 45% хувь нь татвараа төлдөг, нээлттэй байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67%-д хүрсэн хэмээн тооцож байна. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10%-д хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг хөдөлгөхгүй гэж сангийн сайд хэлсэн. Харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. 

Энэ оны есдүгээр сард татварын орлогын биелэлт 130%, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа нь төр засгийн бодлоготой шууд холбоотой хэмээн тэрээр тайлбарласан. Тодруулбал, хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулахдаа НӨАТ төлөгч байх шаардлага тавьсан нь нуугдмал эдийн засгийг ил болгож, бүртгэлжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан гэлээ.