m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төр
2021.10.12 20:26
3541
Тяньжин боомтод саатсан Монголын ачааг яаралтай явуулах асуудлыг шуурхай шийдвэрлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай өнөөдөр /2021 оны 10 дугаар сарын 12/  цахим уулзалт хийлээ.

Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцжээ. 

Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдсэн байна. Тухайлбал нүүрсний экспортыг жилдээ 50-60 сая тонноос доошгүй хэмжээнд хүргэх асуудлыг  талууд ярьж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолцлын цэгийг баталгаажуулах, нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад нүүрс тээвэрлэх чингэлэг тээврийн ногоон гарцын түр журмын асуудлыг хөнджээ.

Өнөөдрийн байдлаар манай улсын хил дээр БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан 8,2 сая тонн нүүрс гацаад байна. Тиймээс автотээврийн жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг хангахаас гадна чингэлэг тээврийн терминалыг ашиглаж эхлэх зайлшгүй шаардлага үүссэн.

Түүнчлэн Тяньжин боомтод манай улсын 4575 чингэлэг саатаад байна. Тиймээс Монголын чиглэлд өдөртөө 2-3 галт тэрэг явуулж саатсан ачааг тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг манай тал хүссэн байна.

Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам. долларт хүргэх нь хамтын ажиллагааны салшгүй хэсэг гэдгийг онцолж бие биенийхээ давуу талыг ашиглан урагшлах нь зүйтэйг илэрхийлжээ.  

Улмаар цар тахлаас шалтгаалан тээврийн асуудалд хүндрэл үүссэн ч ногоон гарцаа ашиглан тээврийн эргэлтээ нэмж, орц гарцаа сайжруулах, хил дээр гацсан 8,2 сая тонн нүүрсийг шуурхай татах, Тяньжин боомтод саатсан Монголын ачааг яаралтай явуулах асуудлыг шуурхай шийдвэрлэхийг холбогдох албаныхандаа даалгасан байна.

Мөн шатахууны асуудал Хятадын талд бүрэн шийдэгдсэнийг уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд  Ли Көчян хэлжээ. Мөн цөлжилттэй тэмцэх манай бодлогыг сайшаан дэмжихээс гадна Улаанбаатар хотын дэд бүтцийн төслүүд дээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхээ илэрхийлсэн байна.