Б.Батчимэг
Сэтгүүлч
Эдийн засаг
2021.10.13 11:46
6026
"БИД АРГАА БАРААД АМИН ЗУУЛГА БОЛСОН МАШИНАА ЧИРЭЭД ОРЖ ИРЛЭЭ, МОНГОЛЫН ТӨР ЯАГААД ТАГ ДҮЛИЙ СОХОР БАЙГАА ЮМ БЭ?"

Цагаан хад, Гашуунсухайтын тээвэрчид ЗТХ-ийн сайд Л.Халтарын нууц тушаалаас үүдэлтэй ажил амьдрал нь зогсоход хүрээд буйг эсэргүүцэж өнөөдөр өглөө Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна.

Улмаар өнөөдөр өглөө тээвэрчид шалаанз машиныг төв талбайд оруулж ирэн жагсах үеэр цагдаагийн байгууллагаас хүч нэмэгдүүлэн тухайн тээвэрчдийг ахлаж байсан иргэдийг баривчилж, машиныг нь талбайгаас ачиж гаргасан байна. 

Түүнчлэн өнгөрсөн даваа гарагт Баянзам тээвэрчдийн холбооноос мөн төрийн ордны баруун хаалган дээрээс ЗТХ-ийн сайд Л.Халтарын нууц тушаал буюу 10 дугаар сарын 20-ноос Чойрын чиглэлийн тээврийг зогсоохоор болсныг эсэргүүцэж, шаардлага хүргүүлээд байсан юм.

Тээвэрчид: "Манай тээвэрчдийн төлөөллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст баривчлаад байна. Урьд шөнө Монголын нүүрсний экспортын 40 хувийг гаргадаг Цагаанхаданд шөнийн 1 цагийн орчимд жолооч нар нэгдэж зам хааж эхэлсэн. Бидэнд хүч хэрэглэж байна. 3500 жолоочийг эрсдэлд оруулж байгаагаа ч тоохгүй байна шүү дээ. 

ЗТХ-ийн сайд Л.Халтар гэхэд монголын тээвэрчид явж байсан цорын ганц зам болчихоод байгаа нүүрсний экспортын замыг зургадугаар сарын 8-ны өдрийн тушаалаар хааж хаячихаад тушаалаа цуцалдаггүй.  Одоо 2000 жолооч ажилгүй болчихлоо. Амьдралгүй болчихлоо. Монголын төр яагаад ийм таг дүлий сохор байгааг гайхаж байна. 

Өдөр болгон экспортыг нэмэгдүүлж байна гэж зурагтаар худал ярьж байна. БИД АРГАА БАРЖ ТЭВЧЭЭР МИНЬ ТАСАРЧ БАЙНА. БИД УЙЛЖ ОРИЛЖ ХАШХИРЧ БАРХИРААГҮЙ БАЙХАД Л ЦАГДАА НАР БАРИАД ЯВЧИХЛАА.

Нийслэлд байгаа тээвэрчин бид дугарахгүй бол тэнд хоригдчихсон хүмүүс дуугаа хүргэж чадахгүй байна. Засгийн газар энэ хүнд нөхцөл байдлыг яагаад тоохгүй байгаа юм бэ? Чойрын замыг хаачихаад байна. Тэнд өөрсдийнхөө хүмүүсийн шинжилгээний хариуг сөрөг гаргаад биднийг эерэг гаргаад хөөгөөд явуулж байна. 

Ингээд Ерөнхий сайд болон тээвэрчний хүү Ерөнхийлөгч та тээвэрчдийнхээ зовлонг ойлгоно мэднэ гэж гоё ярьж гарж ирчихээд бүх эрх мэдэл нь байхад яагаад дуугүй байгаа юм бэ?

Та бүхэн энэ заваан зүйлээ зогсоохгүй бол бид гуйх биш шаардаж байна. ЗТХ-ийн сайдын ажлын хэсэг биднийг хүүхдүүд шиг л хуурж байна. Л.Халтар сайд та энэ тушаалаа цуцлахгүй бол бүх тээвэрчид өлсгөлөн зарлах болно. Ширээ сандалтайгаа үлдэхийн төлөө юуг ч хамаагүй хийж болох юм уу?"