Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Баялаг бүтээгч
2021.10.15 10:37
1664
ЖДҮҮ эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болж, холбогдох албаныханд тулгамдаж буй асуудлуудаа уламжиллаа

Цар тахлын үед ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих “Нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй” үзэсгэлэн худалдаа төв талбайд 3 хоног зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаанд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарын дарга Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн, Жижиг, дунд үйлдвэрийн газарын дарга Я.Эрдэнэ-Сайхан, Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг нар оролцож ЖДҮ эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлуудыг сонслоо.

Цар тахлын нөлөөнд хамгийн их автаж эрсдэл үүрсэн салбарын нэг нь үйлдвэрлэл эрхлэгчид буюу ЖДҮҮ эрхлэгчид байна. Тэд энэ хугацаанд үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, ажлын байраа хадгалж үлдэхээр хичээсэн ч нийгмийн олон асуудлуудаас шалтгаалан тэсэж үлдэхэд хүнд болж байгааг хэлж байлаа. Ингэхэд санхүүжилт, худалдан авалт, бүтээгдэхүүний патентын баталгаажуулалтын асуудалд анхаарлаа хандуулахыг ЖДҮ эрхлэгчид  мөн хүслээ.

Ийнхүү нэг ч ЖДҮ эрхлэгч хөгжлөөс хоцрох учиргүй  үзэсгэлэнд 130 ЖДҮ эрхлэгчид оролцож иргэдэд бараа бүтээгдэхүүнээ сурталчилж тулгамдаж байгаа асуудлаа ч холбогдох албаныханд уламжилсан юм. Цар тахлын энэ үед цаашид ч ЖДҮ эрхлэгч баялаг бүтээгчдийг дэмжих ажил, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ холбогдох албаныхан энэ үеэр хэлж байсан  юм.