Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2021.10.15 19:12
26874
ХОЁР ТЭРБУМЫН БАРИЛГАТАЙ, ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ, ХАЖУУДАХАА ХАВИРАГЧ Д.ГАНБАТЫН ХӨРӨНГӨ

Бид цувралаар төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг харьцуулалт хийн уншигч, үзэгчиддээ хүргэдэг билээ.

Тэгвэл энэ удаад УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Дашдондогийн Ганбатын хөрөнгө орлогын мэдээллийг танилцуулж байна. 

Тэрээр өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрийн ордноос мэдээлэл хийх үеэрээ УИХ-ын гишүүн Ц.Туваан намын үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж, намынхаа эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн намаасаа хөөж буй талаар мэдээлэл хийн нилээдгүй шуугиай тариад буй. 

Уг нь бол нөхөн сонгуулийн өмнөхөн 2 толгойт АН эвлэлдэн нэгдэж буйгаа сүр дуулиантайгаар зарлан тунхаглаж, эрх баригчдын эсрэг хүчтэй сөрөг хүчин байхаа илэрхийлээд байсан ч эл үйлдлээрээ нэгэнтээ хагарч бутарсан АН эвлэлдэн нэгдэнэ гэдэг нь үлгэрийн далай болсоныг харуулж, эрх баригчдыг сөрж биш, эвлэрч явахаа илэрхийлсэн гэхэд хилсдэхгүй бололтой. 

Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга тэрээр 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар 2020 онд дахин гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ. 

Тэгвэл 2015 онд буюу  УИХ-ын гишүүнээс буухаас өмнөх жилдээ 165 сая 255 мянган төгрөгийн орлоготой байсан бол дахин УИХ-д хөл тавьсанаар орлогоо 2 дахин нэмэгдүүлж, 273 сая 977 мянга болсон үзүүлэлттэй гарсан байна. 

Гэр бүлийн орлогын тухайд 157 сая 809 мянгаас 268 сая 464 мянга болгож мөн л 2 дахин нэмэгдүүлсэн байх аж.

Тэрээр 830 сая 133 мянган төгрөгийн орон сууц барилга байгууламжтай байсан бол зуслангийн байшин, офиссын барилга нэмэгдсэнээр 2 тэрбум 254 сая 200 мянган төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай болжээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат нь 2015 онд 150 саяын Lexus,570 автомашинтай байсан бол 2020 онд өөрийн гэсэн унаагүй болж явгарсан гэж АТГ-д мэдүүлжээ.

Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нийт дүн нь 2015 онд 52 сая 603 мянга байсан ч 2020 онд 145 сая 748 мянга болгожээ.

Мөн 207 сая төгрөгийн зээлтэй бол үнэт эдлэл урлаг түүхийн үнэт зүйлгүй харин Техник Импорт ХК, Зоос трейд ХК, Хүнс төв ХК, Капмон ББСБ ХХК, Уран Барилга ХХК, Техник Импорт ХК, Техник Импорт ХК зэрэг 7 компанийн хувьцаа эзэмшиж, ногдол хувь хүртдэг байна.