Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.10.17 15:27
7111
“ХЭНИЙ Ч ХАМААРАЛТАЙ ГАЗАР БАЙСАН ХАМААГҮЙ ТУСГАЙ ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛНЭ”

“Зайсан хилл” цогцолборт зохион байгуулсан Камертон хамтлагийн тоглолтын асуудлаар Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр 14:00 цагаас НЗДТГ-ын байрны нэгдүгээр давхарт мэдээлэл хийхээр болсон.

Хуралд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, Нийслэлийн  цагдаагийн газрын дарга нар болон УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Засаг дарга Д.Сумъяабазар оролцов. Харин Шадар сайд С.Амарсайхан хэвлэлийн хуралд ирээгүй юм.

Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: -Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийг цаашид дэмжинэ. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын тавьж буй шаардлагатай аль болох уялдуулах хэрэгтэй. УОК-ын тогтоосон дүрэм журмын хүрээнд Хариуцлагын гэрээг ААН-үүдэд хүргүүлж байна.
Тус гэрээг анх 6-р сарын 26-наас хойш  байгуулсан. Үүнээс хойш бид долоо хоног тутам гэрээний биелэлтэд хяналт тавьж байгаа.

"Зайсан хилл" цогцолбор Захирагчийн ажлын албатай Хариуцлагын гэрээ байгуулаагүй, гурван удаа зөрчил гаргасан.

Энд олон ААН түрээсийн үйл ажиллагаа явуулдаг.  Бид өнөөдрийг хүртэл босоо хүлээн авалтыг зөвшөөрөөгүй. Заалны 50 хувьд нь суугаа зочдод л үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн. ААН-үүд үүргээ ухамсарламаар байна. Бид аль болох ААН-үүдийг торгохгүй байгаа болов ч зарим газрууд хэт хайхрамжгүй хандаж байна.

Иймд "Зайсан хилл" цогцолборын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. Маргааш шүүхэд холбогдох материалыг хүргүүлнэ.  Нэг дор ийм олон хүн цуглуулахын оронд, хоёр өдөр дараалан зохион байгуулж болох байлаа гэв.    

   

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Бид Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлалтай "Зайсан хилл"-д шалгалт явууллаа. "Софт трэйд" компани энэ барилгыг эзэмшдэг. Тэд дотогш нэвтэрч буй хүмүүсийн халууныг шалгаагүй, ажилчдынхаа халууныг шалган бүртгээгүй.

Хоолны газар нь ариун цэврийн шаардлага хангаагүй. Хүн хоорондын зайг баримтлаагүй. Тоглолт  үзсэн хүмүүс яаралтай шинжилгээнд хамрагдах нь зөв. Бид улбар шар түвшинд байна. Үүнд жагсаал цуглаан, урлагийн тоглолт, спортын тэмцээн, хурим найр хориглосон. 

Харин үзэгчгүйгээр,  Нийслэлийн онцгой комисст урьдчилж мэдэгдээд, лаяваар үйл ажиллагаагаа шууд дамжуулж байгаа газрууд байгаа. Гэтэл нэг дор ийм олон хүнийг цуглуулсан нь иргэдийн эсрэг хийж буй гэмт хэрэг мөн. Бид Зөрчлийн хэрэг нээлгэн шалгуулна. "Софт трэйд"-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулна. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
-Бид аль болох ААН-үүдэд зөвлөн тусалж ажиллаж байна. Гэвч цар тахалын амаргүй нөхцөлд байгаа ч хамтын хүчээр үүнийг давна. Иймд үе шаттайгаар ААН-үүдээ нээнэ.                  

Улмаар сэтгүүлчдийн асуусан асуултад хариу өглөө.

-Дээд түвшинд та бүхэн ямар хариуцлага үүрүүлэх вэ? Шадар сайд С. Амарсайхантай хамаарал бүхий газар учир та нар өдий болтол Хариуцлагын гэрээ байгуулаагүй юм уу? Очихоор бичиг баримтаа өгдөггүй гэж Мэргэжлийн хяналтын байцаагч хэллээ. Та бүхэн бусад байгууллагад эр бяраа гаргадаг биз дээ?

-Бид ниргэсэн хойно нь хашхираагүй. Цаашид мэргэжлийн хяналтын байцаагч нараас айдаг болно. Л.Эрдэнэчулуун дарга арга хэмжээ авна. 

-Сайнбуянгийн Ганбат гэж хүн захирал нь юм байна. Тэгэхээр та бүхэн хариуцлага тооцох уу?
-Хэн ч байсан хамаагүй адилхан хариуцлага тооцно. Цаашид гөлөр мөлгөр байхгүй, хурц байна.