m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.29 06:49
785
Ж.Мандухай: Хэлэх гэж байгаа үгээ бүжгийн хөдөлгөөнөөр хамгийн сайн хэлж чадах байх даа

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон өнгөрсөн онд “Монголын их хатад” бүжгэн туульсийг тайзнаа амилуулсан юм. Уг бүжгэн жүжгээр Монголын есөн их хатадын амьдралыг харуулсан билээ. Монгол төрийн түүхэнд алдар гавьяа, хийсэн үйлсээрээ тодрон үлдсэн есөн хатны амьдралыг харуулсан бүжгэн жүжгийг Мандухай цэцэн хатны дүрийг чадварлаг бүтээсэн бүжигчин СТА Ж.Мандухайг “Mass зочин” буландаа урьсан юм. Түүний бүтээсэн дүрийг үнэлж,  оны шилдэг уран бүтээлчдэд олгодог “Мөнгөн мод” шагналыг тэрбээр саяхан хүртсэн аж.

-“Мөнгөн мод” шагналын эзэн болсонд баяр хүргье?

-Маш их баярлалаа. ҮДБЭЧ-ын хувьд чадварлаг шинэ залуу уран бүтээлчтэй. Энэ дундаас миний бие энэ шагналыг авсандаа баяртай байна. Энэхүү шагналыг авснаар асар их урам зориг авч, илүү сайн уран бүтээл хийх тэмүүлэлийг надад өгсөн.

-Бүжигчин мэргэжил тань хөтөлсөн ямар нэгэн сонин учрал тохиол эсвэл хэн нэгэн байдаг уу?

-Аав  маань цэргийн офицер хүн. Энд тэнд томилогдон ажилладаг. Тэгээд аавыгаа дагаад Ховд, Төв аймаг, Дорноговь аймгийн Зүүнбаян суманд очиж амьдарч байлаа. Зүүнбаян сум чинь ноён хутагт Д.Данзанравжаа гуайн нутаг гэдэг утгаараа соёл, урлагийг маш их дэмждэг, бүжиг, дууны дугуйлангууд ажилладаг байсан. Анх ээжтэйгээ хамт бүжгийн дугуйланд очиж, шалгуулахад шалгалтад нь тэнцээгүй юм. Тэгээд “нэг сар харъя” гэж хэлээд тухайн дугуйландаа явж эхэлсэн. Дараа жил нь хүүхдийн урлагийн “Яргуй” тэмцээнд түрүүлээд, бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн нэрэмжит улсын уралдаанд орж тавдугаар байр эзэлсэн. Тэр үеэс л бүжгээрээ цаашаа явж, илүү ихийг хийхийг зорьж эхэлсэн. Төрийн соёрхолт С.Сүхбаатар багш бүжигчин болоход их нөлөөлсөн. Хотод шилжиж ирээд ХБК-д шалгуулаад тэнцсэн юм. Гуравдугаар ангиасаа эхэлж бүжиглээд 12 дахь жилдээ бүжиглэж байна. Аав маань хүүхдийг өөрийнх нь сонирхолоор явуулбал амжилтад хүрнэ гээд намайг ХБК дагуулаад оруулж байсан. Үүнээс хойш бүжгийг хаяж чадахгүй холбоотой хүн шиг явж байгаа.

-Хэдэн оноос ҮДБЭЧ бүжигчнээр орсон бэ?

-ХБК-ийг 2002 онд төгсөөд чуулгад орсон.

-“Монголын их хатад” бүжгэн жүжигт Мандухай хатны дүрийг бүтээсэн. Уг дүрийг ямар учраас таньд өгсөн хэмээн боддог вэ?

-Миний хувьд 2011 онд охиноо төрүүлсэн. Бүжигчин хүний хувьд олон төрөх нь бие бялдарын хувьд хэцүү байдаг. Ажилдаа ороод жил болсон үед чуулгын захирал  Г.Цоггэрэл “Монголын их хатад” бүжгэн жүжиг тавихаар болсон юм. Энэ бүжгэн жүжгийн хатдын дүрийг хэнд өгөх бол хэмээн тухайн үедээ бодож байсан. Гол дүр болох Мандухай цэцэн хатны дүрийг надад өгөх болов уу гэсэн бодол чуулгын бүжигчдийн дунд яригдаж байлаа. Бидний хувьд Мандухай цэцэн хатны дүрээр Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд гуйгаар төсөөлдөг. Эрэмгий дайсан, өөрийн биеэ  төр улсынхаа төлөө зориулсан хүн гэж бодохоор энэ дүрд тохирох болов уу гэсэн эргэлзээ төрч байсан. Манай бүжигчид чи Мандухай нэртэй юм чинь Мандухай цэцэн хатны дүрийг авчих байх хэмээн ярьж байсан юм. Тухайн үед бүжиг дэглээч маань миний нэрийг анзаараагүй юм уу дараа нь “Өө чинь Мандухай нэртэй бил үү. Тохирчихсон байна ш дээ” хэмээн хэлж байсан юм. Тэгэхээр адилхан нэрэндээ биш энэ дүрд тохирно гэж үзэн надад энэ дүрийг өгсөнд маш их баярладаг.

-Бүжгэн жүжиг гэдэг утгаараа жүжиглэх тал дээр хэр хүндрэлтэй байсан бэ?

-Богино хугацаанд бүжиг тавилтаа  сурсан. Ерөнхийдөө Мандухай цэцэн хатны дүр бууж өгөхгүй хэцүү байсан. Монгол хатадуудын тухай уншиж, судлах явцад Мандухай цэцэн хатан хөл хүнд байхдаа дайн тулаанд орж, хүүхдээ төрүүлж, төр улсаа захирч байсан гэж бодохоор эмэгтэй хүнээс ямар их хүч хөдөлмөр гарсаныг ухаарсан. Иймд дүрдээ орохын тулд жирийн нэг эмэгтэй хүний дүр шиг тоглох гээд байсан. Хүчтэй эрэмгий, дайчин цогтой хатан хааны дүрийг гаргахын тулд нэлээд бодож, сүүлдээ унтаж чадахгүй тохиолдол гарсан. Дүрээ өөртөө шингээж амьлуулхад гавьяат жүжигчин Даваахүү багш маань надад урам их өгч байсан. Тухай дүрийг тайзан тоглох бүртээ элдсэн гурил эвэнд ордог шиг илүү их туршлагажин, үндсэн тавилтаа эвдэхгүй ч өөрийнхөө тавилтаар хүргэж эхэлсэн. Уг бүтээлийн хувьд  дан ганц бүжиглэх биш жүжиглэх гээд олон талаар хөгжүүлж өгсөн юм.

-Хамгийн их сэтгэл ханамжийг авч, өөртөө эрдэж байсан дүр, тоглолт тань юу вэ?

-Байдаг ч тоглолт болгоны дараа дутагдалтай санагдаад байдаг. Өшөө ингээд хийчихсэн бол хэмээн өөрийгөө голоод байдаг муу зантай маань холбоотой байх. Гэхдээ Мандухай цэцэн хатны дүрийг өөрөө судлаад, өөрт тохирсон бүжиг дэглэлтийг тавиулан зүрх сэтгэлээ зориулан гаргасан энэ дүр маань хамгийн хайртай дүрийн минь нэг.

-Таны хувь хүний зан төрх, Мандухай цэцэн хатангийн зантай адилхан болов уу?

-Нээх адилхан гэж хэлж чадахгүй. Миний хувьд жинлүүрийн орд болохоор аливаа нэгэн зүйлд тэнцүү ханддах талтай байдаг. Мандухай цэцэн хатангийн хувьд эрэмгийн, дайчин хүн байсан байж таараа. Тэгэхдээ хүч эрэмгийн зан эмэгтэй хүн болгонд байдаг байх.

-Тайзан дээр мэдэрдэг, тайзнаас хүртдэг хамгийн сайхан зүйлсийг үгээр илэрхийлбэл?

-Бүжиглэхгүй байхаар хамаг зүйл утгагүй юм шиг санагддаг. Бүжиглэхээр зовлон гунигаа мартдаг. Үзэгчдийн алга ташилт зэргээс маш их энерги авдаг. Үүнийг ямар сайхан үгээр хэлэхээ сайн мэдэхгүй байна. Хэлэх гэж байгаа үгээ бүжгийн хөдөлгөөнөөр хамгийн сайн хэлж чадах байх даа.  Миний бие сэтгэлээс гарч байгаа үйлдэл маань хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлж, урам өгч байгаа нь миний мэргэжлийн гол утга учир нь оршиж байгаа болов уу. Залуу насны мэргэжил учраас бүжигчин хүн бол дүрэлзэж буй галтай адил байх.

-Бүжиг бол насны урлаг гэдэг. Та хэдэн нас хүртлээ бүжиглэх вэ?

-Би чадаж, үзэгчид  намайг голохгүй байвал би ажлаа хийнэ. Хуулиар бол 20 жил ажиллаад тэтгэвэртээ гардаг. Гавьяат жүжигчин Ш.Одонтуяа бүжигчин шиг 40 нас гарсан ч залуу үеийнхэнтэйгээ хамт бүжиглэхийг хараад бахархадаг. Хувь хүнээс шалтгаалах байх даа.

-Таны мэргэжлийн хувьд бусад мэргэжлээс ялгарах зүйл нь юу вэ?

-Бүжигчин хүний хувьд урлагийн мэдрэмжээс гадна асар их тэвчээртэй болгодог. Биеэ зөв авч явах байдлыг сурахаас гадна хэлэхээсээ хийх эрмэлзэлтэй болдог. Ам нь ажиллахаас илүү хийж бүтээх шаардлага гардаг. Нэг үгээр хэлбэл ярьж байхаасаа илүү хөдөлдөг. Хүнээс үг сонсох, баг хамт олноороо хэрхэн амжилтад хүрэх чадварыг эзэмшүүлдэг. Мандухай цэцэн хатны дүрийг бүтээх үед жирэмсэн байснаа мэдээгүй. Тухайн үед мэдсэн бол хүүхэддээ санаа зовоод илүү ч хөдөлж чадахгүй байсан байх. Миний хувьд ойрын таван жилдээ хүүхэд төрүүлэхгүй хэмээн бодож байсан. Жирэмсэн болсон нь тэнгэрээс ирсэн хишиг хэмээн бэлэгшээн хүлээж авсан.