m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.06.29 18:39
105
“Нисдэг Голланд” гайхамшгийг бүтээлээ

Голланд-Мексик 2:1

Гоол: Снейдер 88, Хунтелар 90+4-дос Сантос 48

Голланд: Силлессен, Влар, де Врей (Депай 56), Блинд, де Йонг (Мартинс Инди 9), ван Перси (Хунтелар 76), Снейдер, Роббен, Кюйт, Вейналдум
Мексик: Очоа, Родригес, Сальсидо, Маркес, Эррера, Лаюн, дос Сантос (Акино 61), Морено (Рейес 46), Гуардадо, Перальта (Эрнандес 75), Агилар

Шар хуудас: Агилар 69, Маркес 90+2, Гуардадо 90+3

Форталеза, “Кастелон” цэнгэлдэх. 58.817 үзэгч

Голландчууд хэсэгтээ дэлхийн аварга Испани тэргүүтэй гурван өрсөлдөгчөө дараалан хожиж, 100 хувийн амжилт үзүүлсэн. Гэхдээ шөвгийн 16-д учраа таарсан Мексик тэдэнд амар бууж өгөхгүй нь тодорхой байлаа. “Ацтек”-ууд урьдчилсан шатанд гоолын хомсдолд орж, үлгэн салган мөлхсөөр нэмэлт тоглолт хийн байж Бразилийг зорих эрхтэй болсон. Харин шигшээ тэмцээнд орж ирээд огт өөр араншин гаргаж, олон багийн зүрхэнд шар ус хуруулах болсон билээ. Тиймээс Голланд, Мексикийн багуудын ялах боломж бараг л 50:50 хувьд тооцогдож байлаа. Сонирхуулахад хоёр баг өмнө нь ДАШТ-ий хүрээнд нэг удаа буюу 1998 онд таарахад мексикчүүд 2:0-ээр хожигдож яваад дараалан хоёр гоол хийн тэнцүүлж байв.

Тэгвэл энэ удаа Мексикийн залуус эхний гоолыг хийж, хүчирхэг өрсөлдөгчөө хүнд цохилтод орууллаа. Жованни дос Сантос 16-гийн гаднаас гэнэтийн цохилт гүйцэтгэхэд Голландын хаалгач Силлессен барьж чадсангүй. Уг нь хаачих боломжтой л бөмбөг харагдаж байв. Хоёрдугаар үеийн эхэнд орсон энэ гоол Голландыг довтолгоонд хамаг хүчээ тавихаас аргагүй байдалд хүргэлээ. Тэд булангийн цохилтоос, стандартаас, жигүүрээр гээд довтолгоог янз бүрээр өрнүүлсэн ч аль нэгийг нь чулуу болгож чадахгүй л байв. Бразилтай хийсэн хэсгийн шатны тулаанд олон шилдэг хаалт хийж багаа авсан Мексикийн хаалгач Г.Очоа энэ удаа ч Голландын залуусын хар дарсан зүүд нь болж байв. Ийнхүү цаг явсаар, Европ тивийн өөр нэг хүчирхэг баг тэмцээнээ өндөрлүүлэхэд ойртсоор.

Гэвч тэднийг тэмцээнээс хасагдах аюулаас хагас хамгаалагч Уэсли Снейдер аврав. Булангаас дамжуулсан бөмбөгийг Д.Кюйт мөргөж төв рүү өгөхөд Снейдер баруун хөлийн хүчтэй цохилтоор тоог тэнцүүлж чадсан. Энэ залуу 2010 оны ДАШТ-д багаа чирсээр финалд шалгаруулсан бол дөрвөн жилийн дараа ч ийнхүү тус боллоо. Энэ бол үндсэн цаг дуусахаас хоёрхон минутын өмнөх явдал байв. Ийнхүү тоо тэнцсэнээр хоёр багийн ялагч нэмэлт цагт, магадгүй торгуулийн цохилтоор шийдэгдэх магадлалтай болсон. Гэвч “Нисдэг Голланд”-ын гайхамшиг үүгээр дуусаагүй байжээ. Хүн бүр нэмэлт цагийн тухай бодож байсан 94 дэх минутад Голландын багийн хамгийн аюултай хүн А.Роббен баруун жигүүрээр бөмбөгийг туун оров. Улмаар төв рүү нэвтрэх гэж оролдоход Мексикийн ахлагч Р.Маркес тун болгоомжгүй дэгээ тавьж орхилоо. Роббен ч тун үнэмшилтэй унаж, шүүгч үүнд нь пенальти заав. Үнэндээ энэ алдаанд торгуулийн цохилт заасан нь шударга явдал байлаа. Өмнө нь шүүгч Голландын хоёр ч гарцаагүй пенальтийг анзааралгүй өнгөрүүлсэн. Харин энэ удаа эцсийн мөчид зоримог шийдвэр гаргасан юм. Пенальтийг сэлгээгээр гарч ирсэн довтлогч Хунтелар амжилттай гүйцэтгэснээр Голландын шигшээ итгэмээргүй нөхцөлөөс гайхалтай ялалт байгуулж, шөвгийн наймд шалгаран үлдлээ. Одоо тэд дунд шөвөгт Грек-Коста Рикагийн ялагчтай тулах болно. Боломжоо ашиглаж чадвал хагас шигшээд үлдэх зам ойрхон байна гэсэн үг.

Мексикийн хувьд энэ тэмцээнд тун өнгөлөг харагдаж байсан ч азгүй байдлаар хасагдлаа. Тэд Голландад хожигдсоноор сүүлийн зургаан ДАШТ дараалан шөвгийн 16-гийн мултарч байгаа аж.