Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.11.18 15:18
5030
Гучин хүнтэй флашмоб зохион байгуулсан иргэд тус бүр 500 мянган төгрөгөөр торгууллаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Д.Амартүвшин, Д.Булгантамир нарт арга хэмжээ авхуулахаар тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас хүсэлт ирүүлжээ.

Шүүхээс тус хэргийг хянан шалгаад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр "...Флаш моб" нэртэй цуглааныг бүртгэлгүйгээр зохион байгуулж, хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоосон нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/477 дугаартай захирамжийг зөрчсөн зөрчил үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж зөрчилд холбогдогч Д.А, Д.Б нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн..." мөн хуулийн 5.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр жагсаал цуглаан зохион байгуулсан..." зөрчилд тус тус арга хэмжээ авахыг хүсэлтдээ дурджээ.

Харин тус флашмобыг үохион байгуулсан Д.Амартүвшиний хувьд "Хэрвээ би үнэхээр хууль зөрчсөн бол хуулиа даган мөрдөж, хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ өмнө нь наймдугаар сарын эхээр анх шүүх хурал болсон. Тэр үед хэргийн нотлох баримт хангалтгүй гэдэг шалтгаанаар хойшилсон. Гэтэл гэнэт өнөөдөр болохоор болсон.

Нотлох баримт хангалтгүй байтал өнөөдөр бид 2 Зөрчлийн хуулиар торгууллаа. Яг энэ хууль үйлчилж байх хугацаанд хэдэн мянган хүн цуглуулж, махан овоо босгосон эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцно биз дээ, зөрчлийн хэрэг үүсгэнэ биз дээ гэдгийг би асуусан. Хэрэг хуучрахгүй гэдэг. Тэр хүмүүсээ ядаж 500 мянгаараа ч болов торголдоо гэдгийг л хэлмээр байна. Флашмоб уг нь жагсаалд тооцогддоггүй" Би давж заалдана. Энэ бол маш том факт" гэсэн юм.