Баялаг бүтээгч
2021.11.19 16:28
5802
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ФОРУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос санаачлан зохион байгуулсан “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний нэгдсэн форум Төрийн ордны Их танхимд өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн форумыг Жижиг дунд үйлдвэрийн газар, Зээлийн батлан даалтын сан, НЖДҮ үйлчилгээг дэмжих Төв, ШӨХТГ хамтран зохион байгуулсан юм. Тус форумд 200 гаруй жижиг дунд бизнес эрхлэгч оролцсон бөгөөд тэд тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж төрд дуу хоолойгоо хүргэхийн зэрэгцээ гарц шийдлээ хамтдаа ярилцлаа.  

Форумыг нээж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр үг хэлэв.  Тэрбээр “Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн  үйл ажиллагаа  доголдож, амаргүй нөхцөл байдалд байна. Тиймээс энэ удаагийн форум ждү эрхлэгчдэд тулгамдаж байгаа олон асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг олсон өндөр үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна" хэмээв.

Мөн энэ үеэр МУ-ын Шадар сайд С.Амарсайхан  “Цар тахлын хүнд цаг үед ЗГ-аас эдийн засгийг үе шаттайгаар сэргээх, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангах  том арга хэмжээний нэг нь өнөөдрийн форум юм. ЖДҮ эрхлэгчдийн нэгдсэн форум  зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон, ажил хэрэгч шийдвэрүүд эндээс гарах байх. Энэ тал дээр МУЗГ бүх талаар дэмжиж, өөрсдөөс шалтгаалах бизнес эрхлэгч та бүгдийн урдаа тавьсан зорилтын өмнө саад болохгүй хамтарч урагшлах боломж бүрдүүлэхийн төлөө ЗГ ажиллана хэмээн онцолсон юм.

Түүнчлэн баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд хандан Төрийн гурван өндөрлөг “ИЛГЭЭЛТ” илгээлээ. Илгээлтийг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын зөвлөхүүд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаярт  гардуулан өглөө.

Ийнхүү форумын үйл ажиллагаа “Цар тахал ба Эдийн засаг” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгээр үргэлжлэв. Тэд асуудлаа ярилцаж, төр засгаас шийдвэрлэх олон асуудал байгааг энэ үеэр онцоллоо.  Мөн баялаг бүтээгчдийн төлөөлөл төр засагт үгээ дайж, шийдвэрлэх ямар арга зам байгаа талаар холбогдох байгууллагын удирдлагуудаас асууж тодрууллаа.   

Хэлэлцүүлгийн үеэр ЖДҮҮ эрхлэгчдээс 30 гаруй санал, санаачилга гарсан бөгөөд цаашид Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос төр засгийн түвшинд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана гэдгийг холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр форумын төгсгөлд онцоллоо.