Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Эрүүл мэнд
2021.11.19 17:44
4694
С.ЭНХБОЛД: "ИРГЭД ӨӨРСДИЙН ХҮСЭЛТЭЭР ВАКЦИНЫ ДӨРӨВ ДЭХ ТУНД ХАМРАГДАЖ БАЙГАА"

Монгол Улсын Засгийн газраас энэ оны есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насныханд гурав дахь тунг Синафарм, Файзер вакцинаар хийхээр шийдвэрлэсэн.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд манай улсад дөрөв дэх тунгаар дархлаажуулах шийдвэр гараагүй ч гадны улс орон руу явах иргэдийн хүсэлтээр 4 дэх тунд хамруулж байгаа талаар мэдээллээ.

Д.Баярболд: "Монгол Улсад дөрөв дэх тунгаар дархлаажуулах шийдвэр гаргаагүй. Гэсэн ч гадаад, улс оронд зорчиж байгаа иргэдээс маш их хүсэлт ирж байна. Тухайлбал АНУ-д зорчих иргэд заавал Файзер вакцины хоёр тун хийлгэсэн байх шаардлага тавьж байгаа. Иргэдийн өргөдөл, хүсэлтийг харгалзан үзэж, вакцин хоорондын зайг ажиглаж байгаад дархлаа сэргээх дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр тодорхой хүмүүст хийж байгаа" гэв.

Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тус асуудлаар тодруулахад  "Дэлхий дээр дөрөвдүгээр тунг ганц хоёрхон улс хийж байгаа. Ихэнх нь хоёр дахь тунгаа хийж байна. Монгол улс гурав дахь тунг эрчимтэй хийж байна. Манай улсын хувьд гадагшаа явж байгаа иргэд өөрсдийн хүсэлтээр вакцины дөрөв дэх тунг хийж байгаа"  гэсэн хариултыг өгсөн юм.