m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
2021.11.22 11:30
11082
"Богд Зонхов" цогцолборыг барих ашиг сонирхол бүхий 3 гишүүн

Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхов” хөшөөний асуудал өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн ундууцлыг ихэд хүргэсэн. Сошиалаар бужигнаж эхлэхтэй зэрэгцэн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн” гэж сошиал хаягаараа мэдэгдсэн.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Чойжилсүрэн, Ц.Анандбазар нар төсвийн хөрөнгийг нэмэх талд  лоббидож, хүчин зүтгэл гаргасан талаар нэр дурьдагдаж байна.

УИХ-ын даргын хувьд хэзээний шашин шүтлэг ихтэй хүн гэдгийг мэдэхгүй хүн байхгүй.  2019 онд Бурхан  багшийн их дүйчин өдрөөр бүх нийтээр амрах хуулийн төслийг өөрийн нэрийн өмнөөс УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Н.Амарзаяа тэргүүтэй 10 гишүүнээр өргөн бариулж, баталж байсан гэдгийг хэн хүнгүй мэддэг. Нөгөөтэйгүүр Гандан тэгчилэн хийд Г.Занданшатарыг УИХ-ын дарга болсноос хойш  хамгийн их санхүүжилт авч, нар нь гийж эхэлсэн яриа ч дуулдаж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард МҮОНРТ-ээр “Бурхан багш” олон ангит уран сайхны киног гаргах ажилд УИХ-ын дарга Г.Занданшатар идэвхийлэн оролцож дэмжин, уг кино монголчуудын энэрэх нигүүлсэх сэтгэл, соён гэгээрэлд тусаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа ч хэлж байсан удаатай. Ийнхүү шашин шүтлэг ихтэй даргын үед шарын шашин ихээр дэлгэрч, ард иргэд ихээр “соён гэгээрэх” бололтой.

Харин Б.Чойжилсүрэн гишүүний хувьд барилгын салбарт хүч үздэг. Түүний эзэмшил бүхий "Хурд" групп уг ажлын гүйцэтгэлийг хийж байгаа мэдээлэл ч байна. Эрхэм гишүүн төсөв батлагдах нь тодорхой гэдгийг мэдэж байсан уу эсвэл батлуулах нь тодорхой гэдэгтээ хэт итгэлтэй байсан уу? улсын төсвөөс нэг ч төгрөгний санхүүжилт олгоогүй байхад аль хэдийн ажлаа эхлүүлчихсэн байх юм. 

Харин уг санаачлагад оролцсон 3 дахь хүнээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар холбогдож байгаа. Ц.Анандбазарын хувьд мөн л хэзээний шашин шүтлэг ихтэй хүн. Хамгийн сүүлд тойрогтоо айрагныөргөө барих төсөвт нэр холбогдож яваа эрхэм гишүүнээс сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгаас илүү бурхан шашин, айрагны өргөө мэтэд хөрөнгө оруулах, улмаар барьж байгуулах сонирхол цуцалзаж байгаа нь дээрх төсвүүдээс харагдаж байна. 

Иргэдийн хувьд элдэв хөшөө гэхээс илүүтэйгээр амьдрах наад захын хэрэгцээ  бүрдсэн, сургууль, цэцэрлэг, эмнэлэг тэгш хүртээмжтэй байхыг хүсдэг. Гэвч гишүүдийн хувьд мэдрэмжгүй нөгөөтэйгүүр ашиг сонирхолдоо хөтлөгдөн төсөвт өнгө үзэмжээрээ хандаж байна. Тиймдээ ч татвар төлөгчдийн мөнгөөр нэг шашинд хэт давуу эрх олгон, 32 тэрбумыг батлаад сууж байх жишээтэй.