Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2021.11.22 14:22
5201
У.ХҮРЭЛСҮХ, Н.УРТНАСАН НАРЫН ХОРШЛООС МОНГОЛЧУУД ХОЖНО

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс амласан тэрбум мод тарьж ургуулах амлалт эхэндээ нэлээн эргэлзээ дагуулсан.

Цахим орчинд цөөнгүй хүн энэ бол утопи, хэрээс хэтэрсэн амлалт гэх зэргээр шүүмжилж байв. Ардчилсан улс оронд төрийн тэргүүнээ чөлөөтэй шүүмжилдэг тэр л эрхээ хүмүүс эдэлсэн нь энэ.

Харин байгаль орчны доройтол, цөлжилтийг бууруулах цаад том зорилгыг нь одоо хүмүүс ойлгожээ. Тэгээд олуул түрэн дэмжиж байна.

"Тэрбум мод" гэдэг үндэсний хөдөлгөөн бий болж, мод тарьж ургуулах үйлсэд хувь, хувьсгал гэлтгүй бүгд л ханцуй шамдан орлоо. Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн энэ манлайлал маш богино хугацаанд үндэсний хөдөлгөөн болж өргөжлөө.

Хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтол, хатаж ширгэсэн гол горхины тооллого, цөлжилт гэх мэт үгс бидэнд хэдийнэ танил болсон хэрнээ үүний эсрэг бодитой, далайцтай хөдөлдөггүй муу зантай.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн энэ удаад харин далайцтайгаар гараанаас гарлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан ойн салбарыг тэр чигт нь босгож, бараг хоёр долоо хоногийн турш мэргэжлийн хүмүүсийн үг, зөвлөгөөг шийдвэр гаргагч нарт шууд хүргэж чадлаа.

Ойн салбарын үндэсний чуулган маш үр дүнтэй болсон гэдгийг захын хүн нүүр бардам хэлж байна. Мод ургуулна гэдэг шинжлэх ухаан учраас мэргэдийн үг юу юунаас үнэтэй. 

Цөлжилттэй тэмцэх үйлсэд өнөөх хэдэн муу нэртэй, луу данстай уул уурхайн компаниуд хамгийн түрүүнд нэгдэж, Н.Уртнасан сайдтай 600 гаруй сая мод тарьж ургуулах гэрээ байгуулсан нь олзуурхмаар үйл явдал.

Байгаль орчноо ижийтэй зүйрлэн хайрладаг эртний уламжлалтай монголчууд ухдаг бус ургуулдаг үндэстэн болох шинэ бөгөөд том амбицаа үүгээр тунхаглав. Хэл амтайхан томилогдсон Н.Уртнасан сайд яван чангарч, салбарын шаггүй менежер гэдгээ тэрбум мод тарьж ургуулан байгаль орчны доройтлоос ангижрах энэ том үйлсийн гарааг амжилттай эхлүүлснээрээ нотлов.

Тэрбум мод тарина, ургуулна гэдэг амаргүй ажил. Цөлжилттэй тэмцэх ч амаргүй. Алга урвуулах төдийд үр дүн харагдах боломжгүй. Олон жил тууштай, бас хариуцлагатай зүтгэх том зорилго. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тэргүүний хувиар үндэсний хэмжээнд манлайллаа үзүүлж, Н.Уртнасан сайд салбарын уялдаа холбоог гараан дээрх шигээ эрч хүчтэйгээр зөв чиглүүлээд явбал цөлжилттэй тэмцэх том ажил том үр дүнд хүрч чадна гэдгийг мэргэжлийн хүмүүс дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч эхэлжээ.

Нэг талаасаа энэ бол шийдэмгий, довтолсон тоглолттой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, попролтоос ангид, асуудлыг ул үндсээр нь өөрчлөх гэдэг сайд Н.Уртнасан нарын хоршил. Гэхдээ хожил нь байгаль дэлхийдээ хайртай монгол хүн бүрийнх.