Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.11.22 16:12
5562
ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД ААЖМААР АЛДАГДЛАА НӨХӨЖ АИ-92 БЕНЗИН 2400 ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛАГДАНА

Импортлогчдын зүгээс шатахууны үнэ чөлөөлөх хүсэлтийг Шатахууны үнийн зөвлөлд тавьсан.

Хүсэлтийн дагуу үнийн зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй хуралдааныг түр хугацаагаар хойшлуулсан.

Харин өнөөдөр үнийн зөвлөл хуралдаж, шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийсэн юм.

Тэрээр; “Өнөөдрийн хуралдаанаар шатахууны жижиглэнгийн үнийг огцом хэлбэлзэлгүйгээр зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх горимыг баримтлан ажиллах зөвлөмж гарсан.

Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 оны компанийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бага хүүтэй эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг Монголбанктай хамтран хэрэгжүүлэх тухай шийдвэр гаргалаа. 

АИ92 шатахууны хувьд зургаан сарын дундаж өртгөөр жижиглэнгийн үнийг нь тогтоохоор болсон.

Ингэснээр эрэлт, нийлүүлэлтээсээ хамаарч, сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцох боломжтой.

Төрөөс шатахууны үнийг тогтоож барих шаардлагагүй болж байна. Нэг удаагийн үнийн өсөлтийг 100 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар зохицуулж байна. Одоогоор АИ92 шатахуун импортлогчдын алдагдлын хэмжээ 350-400 төгрөг байгаа. Тэгэхээр өнөөдөр 2050 төгрөгөөр худалдаалагдаж байгаа шатахууны үнэ 2400 орчим төгрөгөөр борлуулагдахаар байгаа. Гэхдээ энэ үнийг аажмаар нэмнэ.

Өөрөөр хэлбэл, үнэ нэмэгдэх хугацааг зургаан сарын дунджаар тооцоолно. Ингэснээр зах зээлийн журмаараа зохицуулагдаж, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх үед өсч, буурах үед буурах боломжтой болох юм" гэв.