Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2021.11.24 13:52
3930
ГУРАВДУГААР ТУНГИЙН ХАМРАГДАЛТ 50 ХУВЬД ХҮРВЭЛ ШАР ТҮВШИНД ШИЛЖИНЭ
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
 
 
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "БНХАУ-д дельта вирусний давлагаанаас сэргийлж гурав дахь тун вакциныг идэвхитэй хийж байна. Израиль улс нийт хүн амынхаа 30 хувийг гурав дахь тунд хамруулснаар 60-аас дээш насны хүмүүсийн халдвар авах эрсдэл буурсан зэрэг давуу тал гарсан. Их Британи улс хүн амынхаа 20 хувийг хамруулснаар халдварын тохиолдол буурсан үзүүлэлт гарч байна.

Манай улсын нийт хүн амын 28 хувь нь гурав дахь тунд хамрагдаад байна. Хэрэв энэ тунд хамрагдалт 50 хувьд хүрвэл хичээл, сургуулийн үйл ажиллагааг 100 хувь танхимд шилжүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2-3 насны хүүхдүүдийг цэцэрлэгт явуулах боломж бүрдэнэ гэж найдаж байна. Арванхоёрдугаар сард гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа."

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: "Монгол Улсад өнөөдрийн байдлаар эрсдэлийн үнэлгээний дөрвөн түвшинг мөрдөж байгаа. Энэхүү түвшинг өөрчлөхөөр ажлын хэсэг ажиллаж байна.

Ингэснээр хэрэв гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд шар түвшинд шилжүүлнэ. Энэ түвшинд шилжсэн тохиолдолд үзвэр, үйлчилгээ спортын арга хэмжээ 50 хувийн дүүргэлттэй явуулж байгааг хязгааргүй болгоно. Мөн хариуцлагын гэрээ хийхгүй байх зэрэг нарийвчилсан журмыг боловсруулаад Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэв.