Б.Нарангоо
Ерөнхий редактор
Баялаг бүтээгч
2021.11.25 14:06
17356
Б.БАТДЭЛГЭР: БАГА ХУРЛААР УИХ-ААС ГАРАХ ГЭЖ БАЙГАА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНД ТУСГУУЛАХ САНАЛАА ТОДОРХОЙ БОЛГОНО

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо тун удахгүй буюу энэ сарын 27-нд холбооны бага хурлаа хийх гэж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өмнө нь гурван ч удаа бага  хурлаа зохион байгуулж байсан. Энэ удаад “Цар тахал ба эдийн засаг” нэгдсэн форумыг зохион байгуулсны дараагаар хийж байгаагаар онцлог дөрөв дэх удаагийн бага хурал юм. Хурлын талаар талаар тус холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэртэй ярилцлаа.

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны бага хурал удахгүй болох гэж байна. Хурлаар юу юу хэлэлцэх вэ?

Өнгөрсөн долоо хоног баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ээлжит гурав дахь форумыг “Цар тахал ба эдийн засаг” сэдвээр амжилттай зохион байгуулсан. Төрийн дөрвөн байгууллагатай хамтарсан. Төрийн байгууллагууд өнгөрсөн хийсэн ажлаасаа илүү ирээдүйд хийх ажлаа тодорхойлж өгсөн. ШӨХТГ, ЖДҮГ, Зээлийн батлан даалтын сан, нийслэл дэх ЖДҮДТ гээд дөрвөн байгууллагатай хамтарлаа. Форумаас зөвлөмж гарах ёстой. Баялаг бүтээгчдийн холбоо бол бага хурлаа хуралдуулж форумын зөвлөмжийг хэлэлцэж, форумын зөвлөмж дээр ойрын 2, 3 жилд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар УИХ-аас гарах гэж байгаа хууль эрхзүйн  орчинд манай холбооны зүгээс санал болгох зүйлсээ тодорхой болгоно. Мөн 2022 онд хийх ажлаа төлөвлөхөөр бага хурлаа 2021.11.27-нд хийхээр болсон.

-Бага хурал ямар бүтэц зохион байгуулалттай хуралдах вэ?

- ББДХ-ны дүрмээр  бага хурал 55 гишүүнтэй. 55 гишүүнээс салбар хорооны дарга автоматаар болдог. Баялаг бүтээгдчийн анхдугаар их хурлаас сонгогдсон бага хурлын гишүүд оролцоно. Ер нь бага хурлын гишүүд сайн дурын үндсэн дээр ажиллах дүрмийн заалттай.

-Холбооны зүгээс ирэх онд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Төр бол асар том худалдан авагч. Төр худалдан авалтаар дэмжвэл баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн амьдрах орчин, өөрөөр хэлбэл эх орондоо бүтээгч, бүтээгчээс экспортлогч болох зорилт маань хэрэгжих юм. 2017 онд төрийн худалдан авалт 47 тэрбум төгрөг байсан. 2018 онд анхдугаар форумын дүнд төрийн худалдан авалтыг дэмжүүлэх зөвлөмж гарсан. Энэ дагуу 2019 онд 150 тэрбум төгрөг, 2020 онд 340 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн байдаг. Гэхдээ энэ бол хангалтгүй. Яагаад гэвэл 2022 оны улсын төсөв 18 их наядаар батлагдлаа. Төрийн худалдан авалт их байх тусам үндэсний үйлдвэрлэгч оршин тогтнож, үйлдвэрлэлээ явуулах боломжтой болох юм. Иймээс ирэх жил төрийн худалдан авалт эрс нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Төр өөрөө худалдан авахаас гадна төрийн оролцоотой ААН-үүд мөн асар том худалдан авагчид байдаг.

Тухайлбал, “Эрдэнэт тавантолгой” компанид гэхэд 5-6 их наяд төгрөг эргэлддэг. Сая зургаан тэрбум төгрөгөөр гаднаас шуудай худалдан авах тендер зарлагдсан гэж байгаан. Гэтэл энэ шуудайг  дотооддоо үйлдвэрлэдэг шүү дээ.

Мөн УИХ дээр өргөн баригдсан, хэлэлцэж байгаа  хуулийн төслүүдэд манай холбооноос санал болгох ЖДҮҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан дорвитой ажил хийхээр төлөвлөж байна. Салбар хороогоо идэвхжүүлэх, өөрөөр хэлбэл ЖДҮ эрхлэгчдийн амьдрах орчинг сайжруулах ажиллах орчинг сайжруулах төрийн дэмжлэгийг авахуулах, орон нутагт болон дүүргүүдэд ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжих тал дээр томоохон ажил хийнэ. Мөн бага хурлын гишүүд ямар ажил хийе гэж санал дэвшүүлнэ үү тэр ажлыг ажил хэрэг болгохын төлөө төв холбооны зүгээс анхаарна.

-УИХ дээр эдийн засагтай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Эдгээр хуулийн төслүүдэд ямар байдлаар санал өгч байгаа вэ?

-УИХ дээр Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль, ХАҮТ-ын хуулийн шинэчилсэн найруулга , Ажиллах хүчний шилжилтийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулиуд өргөн баригдсан удахгүй хэлэлцэх гэж байна. Мөн ЗГ-аас Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу ТББ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг  УИХ-д өргөн барих гэж байна. Тендерийн буюу төрийн болон орон нутгийн өмчит компанийн бараа худалдан авах хуулийн шинэчилсэн найруулга орж байна. Тендерийн хууль бол төрийн худалдан авалтыг хамгийн их дэмжих хууль байх ёстой.

2019.06.06-нд Тендерийн хуульд өөрчлөлт оруулаад ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолтоор ЖДҮ эрхлэгч мөн бол тендерт оролцож байгаа үнийг 15 хувиар буулгана гэсэн заалт. Мөн хэрвээ ЖДҮ эрхлэгчийн тодорхойлолттой бол бараа ажил үйлчилгээг шууд худалдан авах заалт одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд бий. Гэтэл хуулийн шинэчилсэн найруулга дээр энэ хоёр заалтыг байхгүй болгохоор орж ирсэн.

Иймээс энэ хоё заалтыг хэвээр үлдээхийн төлөө дуу хоолойгоо өргөн ажиллана. Мөн ХАҮТ-ын тухай хуульд дэмжих боломжгүй заалт байгаа. жишээ нь ААН заавал худалаа аж үйлдвэрийн гишүүн байх заалт орж ирсэн. Мөн дагнасан танхим байгуулж, тэр нь мэргэжлийн холбоод шиг ажиллах юм шиг заалт орж ирсэн. Яг өргөн баригдсан болоод өргөн баригдах гэж байгаа хуулиудад баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчийн эрх ашгийг хамгаалсан заалт тусгуулах шаардлагатай. Тэрний төлөө манай холбоо идэвхийлэн ажиллана.