Б.Нарангоо
Ерөнхий редактор
Баялаг бүтээгч
2021.11.27 16:10
3758
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны IV бага хурал болж байна

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны  4-р бага хурал эхэллээ. Цар тахлын жилүүдэд ЖДҮҮ эрхлэгч, баялаг бүтээгчид маш хүнд цаг үеийг туулж яваа. Энэ хурлаар ирэх оны ажлын төлөвлөгөөнд санал авч, “ЖДҮҮ ФОРУМ-2021” арга хэмжээнээс гарсан ЗӨВЛӨМЖ-ийг хэлэлцэхээс гадна олон асуудлыг шийдвэрлэх юм. Бага хуралд Монгол Улсын 21 аймаг ,330 сум, 9 дүүргээс төлөөлөл оролцож байна. 

Б.Батдэлгэр: Төрийн өмчит компаниуд худалдан авалтын 50-аас доошгүй хувийг үндэсний үйлдвэрлэлээс худалдан авна гээд оруулж ирвэл том дэвшил болно

Долоо хоногийн өмнө форумыг зохион байгуулсан. Форумын үеэр бизнес эрхлэгчид яаж цар тахлыг хүндрэл багатай даван туулах вэ гэдгийг хэлэлцсэн. Форумаас гурван заалттай зөвлөмж гарсан. Үүнд нэгдүгээрт ЖДҮҮ эрхлэгчдэд  төрөөс баримтлах бодлого, ЖДҮҮ эрхлэгчдэд тулгамдаж буй санхүүгийн дэмжлэг , гуравдугаарт ЖДҮҮ эрхлэгчид төрөөс ямар дэмжлэг хүсч байгаа талаар зөвлөмж гарсан. Энэ форумын зөвлөмжтэй холбоотой өнөөдөр бага хурлаар хэлэлцэнэ.  2018.6.6-нд анхдугаар форумаараа 20 асуудлыг дэвшүүлсэн. Үүний 10 нь хуульд туссан. Үүний дараа УИХ-ын гишүүд рүү мессэж бичих, араас нь хөөцөлдөж байж хуульд тусгуулсан. Тиймээс зөвлөмж гарсны дараа өөрийн эрх ашгийг хамгаалах энэхүү заалтыг хуульд тусгуулахаар идэвхтэй ажиллах нь чухал гэдэг нь харагдаж байна. Төр өөрөө асар том худалдан авагч. Иймээс төр баялаг бүтээгчдээс худалдан авалт хийх ёстой. 2017 онд төрийн худалдан авалт тухайн жилд 47 тэрбум байсан нь нийт худалдан авалтын хоёр хувийг л эзэлж байсан.  Бид анхны форумаар энэхүү худалдан авалтын талаар хөндсөнөөр төрийн худалдан авалт нэмэгдэж  2019 онд 170 тэрбум , 2020 онд 340 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Гэхдээ улсын төсөв 18 их наяд. Энэ тоо цаашид өсөх ёстой. Ингэж байж импортлогсоос экспортлогч орон болно. Төр өөрөө бодлогоор дэмжиж, хууль эрхзүйн орчин бүрдүүлж байж энэ худалдан авалт хийх боломжтой. Төрийн өмчит компаниуд худалдан авалтын 50-аас доошгүй хувийг үндэсний үйлдвэрлэлээс худалдан авна гээд оруулж ирвэл том дэвшил болно. Одоогийн байдлаар 25 хүртэлх гэж орсноос компаниуд хоёр хувь ч байж болно, гурван хувь ч байж болж байгаан.

Ж.Оюунчимэг: Цар тахалтай үед дотоодын үйлдвэрлэл хөгжих, тэр дундаа оёдлын салбарт давуу тал болж байна

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны 4-р бага хурал амжилттай явагдаж байна. Бидний зорилго цар тахалтай үед яаж ажиллах вэ. Цаашид шийдвэр гаргах түвшинд юу хүргэх вэ гэдгийг ярилцаж байна. Импортлогч орноос экспортлогч орон болохоор зорьж байна. Иймээс эх орондоо үйлдвэрлэгч орон болохыг зорьж байна. Цар тахлын үед тоног төхөөрөмж, бараа материалын хомсдолд орсон. ББДХ-оос энэ бүх асуудлыг шийдвэрлэхээр дуу хоолойг хүргэхээр зорьж ажиллаж байна. Өөрсдөө олон ажил сэдэж, үйлдвэрлэлээ өргөтгөх олон боломжийг хайж байна. Тэр дундаа оёдлын үйлдвэр дунд үндэсний үйлдвэрлэлээ сэргээхийн тулд даваа гараг бүр үндэсний үйлдвэрлэлээ өмсөх санаачилгыг гаргасан. Энэ дүнд олон үйлдвэр сэргэж, хил хаалттай байгаа нь олон дотоодын үйлдвэрлэлд тус дэм болж байна. Тендерийн хуульд холбооноос тусгай ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Энэ жилээс хэд хэдэн том өөрчлөлт орж байгаа. Баялаг бүтээгч нар тендерт орж чадахгүй байх хэд хэдэн нөхцөл тулгардаг байсан. Тэгвэл Тендерийн хуульд олон заалтыг дөхөм болгох заалт орж ирсэн байна лээ. Цар тахлын үед банк санхүүгээс зээл авсан баялаг бүтээгч нарын хувьд мөнгөний урсгал хаагдах бэрхшээл тулгарсан. Үүн дээр манай холбоо ажиллаж, төр засагт дуу хоолой хүргэж байгаад баяртай байгаа.

Б.Мөнхцэлмэг:  Хил хаалттай үед дотоодын үйлдвэрлэл хөгжих боломжийг ашиглах хэрэгтэй

-Аль нэг дүүрэг гэхээс илүү ЖДҮҮ бол улс орны асуудал. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах гарц бол үйлдвэрлэлийг дэмжиж, экспортод гаргаж байж шийднэ. Тэгэхээр өнөөдөр цар тахлын нөлөөнөөс хамаарч эдийн засаг хүнд байна. Энэ нөхцөл байдлаас гарах гарц шийдлийг бид өнөөдөр хэлэлцэж байна. Нэн түрүүнд маш олон зөвшөөрлийг үгүй болгох хэрэгтэй. Цар тахлаас үүдэж хил хааж, импортын бүтээгдэхүүн хомсдож байна. Энэ боломжийг хувийн хэвшил ашиглаж, нөгөө талаас төр засгаас үүнийг дэмжих хэрэгтэй. Гуравдугаарт, цар тахлын нөлөөгөөр бүх бизнесийн модель өөрчлөгдөж байна. Бизнес бүгд дагаад цахимд шилжиж байна. Ийм боломжуудыг цаг алдалгүй ашиглах хэрэгтэй.

 СБД-ийн Баялаг бүтээгч салбар хорооны дарга Ч.Даваадорж: Хүүгүй зээлээр гишүүдээ дэмждэг гадаадын сайн туршлагыг хэрэгжүүлэхийг уриалж байна

-Бага хуралд оролцож байгаа 55 гишүүддээ нэг уриалга гаргамаар байна. Салбар хороодоос доод тал нь 5  сая төгрөг төвлөрүүлээд түүнийгээ нэг ААН-д дэмжлэг болгох, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд нь зээл олгох байдлаар холбооноос хүүгүй зээл олгох. Тэгэхээр доод тал нь 275 сая төгрөг цуглахаар байна. Тайландад улсаас нь ажлын байр барьж өгөөд, түүнийгээ бодлогоор маш сайн дэмждэг нь ажлын байр бий болгосон сайн жишээ байна. Тайваньд өрхийн үйлдвэрлэлийг дэмжих ТББ байдаг. Тэнд мөн хүүгүй зээл олгодог нь зөвхөн өрхийн үйлдвэрлэлээр 4 тэрбум ам.доллар олж байна. Энэ сайн жишгийг манай холбоо мөн хэрэгжүүлбэл хамгийн сайхан ажил болно гэж бодож байна. Хил гааль, ковид гараад нөхцөл байдал хүндэрлээ. Үйлдвэрлэгч мэдээж өөр өөрсөддөө тулгарч байгаа бэрхшээлийг хэлж байна. Үүний хажуугаар бодит дэмжлэгийг  нэг байгууллагад өгмөөр байна.

 Ц.Батдорж:  Хөгжлийн бэрхшээлтэй иргэн групп аваад халамж тэтгэвэр аваад гэртээ суух цаг өнгөрсөн

-Өнөөдөр холбооны 4-р бага хурал хуралдаж байна. МУ-ийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн баялаг бүтээгч өрхийн үйлдвэрлэгч хүмүүс байдаг. ЗГ халамжаас татгалзаж хөдөлмөрт шилжих мөрийн хөтөлбөр хэрэгжээд явж байна. Орон нутагт сум хөгжүүлэх сангаас гурван хувийн зээлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нь хүмүүст сайнаар нөлөөлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн групп аваад халамж тэтгэвэр аваад гэртээ суух цаг өнгөрсөн. Засаг төрөөс дэмжвэл манай хүмүүс татвар төлөгч болж, хувь нэмэр болж явахыг амьдрал харуулж байна. Цар тахал болсон хоёр жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд давуу тал болсон. Манай иргэд дор дороо ажлаа сайн хийж, наад зах нь оймс таавчик, монгол үндэсний хувцасны үйлдвэрлэл илүү өргөн цар хүрээтэй болж ирсэн. Угаасан ноос гэж байхгүй болсон үед өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд угаасан ноос олж өгөөчээ бид үндэсний үйлдвэрлэл хийх боломж нээгдэж байна гэх хүсэлт их ирүүлэх болсон. Иймээс би тэдний энэ саналыг албан ёсоор холбогдох байгууллагад тавьсан.

Х.Удвалцэцэг: Цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар унаж байна

Аялал жуулчлалын салбар цар тахлын улмаас унаж байна. Иймээс төрөөс энэ салбартаа анхаарч, нэгдсэн бодлого гаргахгүй бол өнөөдрийн УОК-оос гаргасан шийдвэр хэдэн сар хүлээгдсэн шийдвэрийг орвонгоор нь эргүүлж байх жишээтэй. Иймээс аливаа мэдээлэл цензуртай хандаж, энэ мэдээллийг гаргавал аль салбарт яаж тусах билээ гэдгээ бодоосой. Үгүй бол бизнес эрхлэгчдээ дандаа хорлосон, үндэсний баялаг бүтээгчийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн шийд гаргаж байна. Иймээс цар тахалтай үед нэгдсэн зөв бодлого шийдвэр гаргаасай.

Ц.Бумцэнд: Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дахь ЖДҮ эрхлэгч үнийн саналыг 15 хувиар бууруулна гэсэн заалт байхгүй болсон дээр анхаарч ажиллаж байна

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед форумаа зохион байгуулж, хурлаа хийж байгаагаараа  4-р бага хурлын онцлог болж байна. Өнгөрсөн таван жилийн хугацаан дахь холбооны хийсэн ажлаа тайлагнаж байна. Бид анхдугаар форумаар төрийн худалдан авалтад дотоодын ААН-ийг дэмжих ёстой гэдэг саналыг гаргаж, өөрсдийн эрх ашгийг хуульд тусгаж чадсанаар 2019 онд 70 тэрбум , 2020 онд 340 тэрбумын худалдан авалт хийсэн байдаг. 2021 онд энэ тоо 3 дахин нэмэгдэх байх гэсэн таамаг дэвшүүлж байна. Тендерийн хуулийн өөрчлөлт тусгалаа олсон хууль болсон. Иймээс дотоодын үйлдвэрлэл худалдан авалт нэмэгдэж байна. Одоо ЗГ-аас өргөн барьсан Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад манай холбооноос оролцож дуу хоолойгоо өргөж байгаа. Бүх худалдан авалтыг цахим болгох ажилд түлхүү оролцож байна. Үүнд гэхдээ  өмнөх  хуулийн 5.1-д заасан ЖДҮ мөн бол үнийн дүнг 15 хувиар  багасгах гэсэн заалт хасагдсан дээр холбооны зүгээс анхаарч байгаа. Ажлын хэсгийн зүгээс дотоодын үйлдвэрлэлд давуу эрх олгогдож байгаагаас энэ хувь байх хэрэггүй гэж байгаа юм билээ. 

Х.Азжаргал: СХД-т хувиараа бизнес эрхлэгч их байдгаас тэдэнд зориулсан зээлийн хүртээмж нэмэх хэрэгтэй 

Өнөөдрийн бага хурлаар ЖДҮ салбарыг яаж дэмжих вэ. Төрд ямар оролцоотой байх вэ. Хуульд ямар шинэчилсэн найруулгатай байх вэ гэдгийг өргөнөөр хэлэлцэж байна. Манай СХД-т хувиараа бизнес эрхлэгчид маш их. Зээл хүртээмжгүй байдгаас энэ зээлийг хэрхэн хүртээмжтэй байлгах вэ. Олон улсын байгууллагатай хэрхэн хамтрах талаар хэлэлцэж байна. Үүнд төрийн оролцоо маш чухал.