Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2021.11.29 15:48
8464
С.Амарсайхан: Авто тээврийн татан авалт гурав хоногийн дараагаас хэвийн явагдаж эхэлнэ

БНХАУ-ын Эрээн хот өнгөрсөн сарын 14-нд авто замын тээвэрлэлтийг бүрэн хязгаарласан билээ. Мөн шинэ мутаци гарсантай холбоотойгоор өчигдрийн 14 цагаас эхлэн задгайгаар тээвэрлэдэг төмөр замын тээвэрлэлтийг тодорхойгүй хугацаагаар хязгаарласан мэдээлэл гарсан. Энэ талаар Шадар сайд С.Амарсайханаас тодруулахад "Бүх хөдөлгөөн тээвэрлэлт хаагдсан, зогссон гэх мэдээлэл албан бус. Хятадын талаас шийдвэр гарсан бол ГХЯ, Хятадын талаар дамжуулаад албан ёсны шугамаар мэдээллээ өгөх зарчимтай. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд болон хил гааль тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байгаа. Ялангуяа автомашинаар тээвэрлэх. Төмөр замын ачаа тээвэр хэвийн явж байна. Хятадын талтай тохиролцсоноор Эрээн дэх  халдварын тохиолдол хяналтад байгаа учир хилийн авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гарсан. Гурав хоногийн дараагаас үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ.

Хилийн 0 цэг дээр ачаа бараагаа солилцоно. Манай талаас бэлтгэлээ хангасан. Хятадын тал ч мөн бэлтгэлээ хангасан. Хил орчмын хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, ЗТХЯ-наас ажлын хэсэг гараад ажлын хэсэг газар дээр нь ажиллана. Ажиллах жолооч, тээвэрлэлт хийх төхөөрөмж зэргийг бэлтгээд явж байна. Ойрын өдрүүдэд Замын-Үүд боомтоор машинаар, чингэлэг тээврээр, ачаа тээврүүдээ авч эхлэх боломж нь бүрдэнэ. Хүний оролцоогүйгээр ачаа тээврээ 0 цэг дээр солилцоно" хэмээлээ.