Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2021.12.01 09:17
1829
ДОХ-той тэмцэх дэлхийн өдөрт

Өнөөдөр улаан туузтаны өдөр буюу “ДОХ” өвчнөөр амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэх, цааш нь тархаахгүйн төлөө тэмцэх дэлхийн өдөр. Манай улсад 1992 онд анх ДОХ вирус бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар 323 тохиолдол илэрсэн. Үүний 53 нь нас барсан статистик байна. Үүний 20 хувь нь ДОХ-ын шалтгаантай бусад нь өөр өвчин осол гэмтлийн улмаас энджээ.

Насны бүлгээр авч үзвэл 15-50+ гэж үзэж болохуйц. Тодруулбал 2016 онд 26 тохиолдол үүний 23 нь эрэгтэй, 2017 онд 25 тохиолдол үүний 22 нь эрэгтэй, 2018 онд 18 тохиолдол үүний 3 нь эмэгтэй, 2019 онд 18 тохиолдол үүний 14 нь эрэгтэй, 2020 онд 25 тохиолдол үүний 22 нь эрэгтэй, энэ он гарсаар эхний 11 сарын байдлаар 12 тохиолдол илрээд байгаа юм.

Хэдийгээр манай улс ДОХ-ын бага тархалттай орны тоонд ордог ч өвчин нэмэгдэх эрсдэлтэй бүлэгт багтдаг. Энэ нь бэлгийн замаар дамжих өвчний тархалт их, эрсдэлт бүлгийн хүн амтай салшгүй холбоотой. Халдвар авснаас хойш эхний зургаан сар ямар ч шинж тэмдэг илэрдэггүй цонх үетэй учраас өвчний халдвар авснаа ч мэдэлгүй явж байх боломжтой 634 хүн байх боломжтой гэх тооцоог эрдэмтэд гаргасан. Харин өнөөдрийн байдлаар 323 тохиолдлыг илрүүлэн, эмчилж байгаа юм.

Хэдийгээр төгс эмчлэгдэхгүй ч эрт шатандаа буюу ХДХВирусын үед нь илрүүлж эмчилгээ эхлүүлж чадвал халдварыг бүрэн зогсоож, эрүүл хүүхэд хүртэл төрүүлж болдог.

Тодруулбал манай улсад 16 ээжээс 24 эрүүл хүүхэд төрсөн. Үүний найм нь давтан төрөлт.

Жирэмсний хугацаанд тухайн эх эмчийн хяналтанд эмээ тасралтгүй ууснаар вирус нь идэвхгүй болж, эхээс урагт өвчин халдахгүй. Вирусын тоо устахгүй ч тэглэгдсэн тохиолдолд тухайн эх хүүхдээ жамаараа төрүүлж, хөхөөр хооллож болно гэдгийг ДЭМБ-аас саяхан зарласан юм.

Дэлхий дахинаа энэ өдрийг “Тэгш бус байдлыг арилгая, халдварын тархалтыг зогсооё” уриан дор компанит ажил явуулж байна. Засгийн газраас ХДХВ/ДОХ-ын ретровирусийн эсрэг эмийн зардлыг 2013 оноос хойш 100 хувь санхүүжүүлж байгаа. харин өвчний оношилгоо илрүүлэг, шаардлагатай эм урвалж, оношлуур, тандалт судалгаа хийх, хүний нөөц чадавхжуулах зэрэг кампанит ажлыг 2003 оноос “Глобал” сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж иржээ. Гэвч коронавирусийн нөлөө, хөл хорионы дүнд ХДХВ/ДОХ-ын илрүүлэг шинжилгээний идэвх буурсан, сайн дураараа оношилгоонд хамрагдах нь эрс цөөрсөн нь энэ онд 12 тохиолдол илэрснээс харж болно.