Нийгэм
2021.12.01 12:58
1888
НЭРЭЭ ӨӨРЧИЛСӨН Ч ТӨРХ НЬ ХЭВЭЭР “БҮРДЭЛ МАЙНИНГ” КОМПАНИД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БАЙГААГИЙН ЦААД ШАЛТГААН ЮУ ВЭ?

 

 

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компани хоёр жилийн өмнө  “Бүрдэл майнинг”  болж нэрээ өөрчилсөн талаар бид өмнө мэдээлсэн.  

Гэвч нэрээ өөрчилсөн ч зүс нь хэвээрээ тус компанид хөдөлмөрийн аюулгүй байдал удаа дараа зөрчигдөж уурхайчид алтан амиа алдсаар байна. “Бүрдэл майнинг”  компанид хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна хэмээн тухайн үеийн салбарын сайд нар ярьдаг ч  өдий хүртэл хэнд ч хариуцлага тооцсонгүй, дархан эрхтэйгээр үйл ажиллагаа явуулсаар байна.   

2018 онд Байгаль орчин аялал, жуулалчлалын яамнаас “Эко Алтан Заамар” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлжээ.  Учир нь Гол мөрний  урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг  зөрчсөн учир ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг гаргасан байна.

Харин тусгай зөвшөөрлийг нь цуцлах асуудал яригдсан “Эко Алтан Заамар” компани 2019 онд буюу удалгүй “Бүрдэл майнинг” болгон өөрчилсөн нь өдөр тутмын сонинд нийтлэгдсэн байдаг.  

"Бүрдэл майнинг" компанийг П.Төмөрцэцэг гэдэг нэг хүн эзэмшдэг гэсэн мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайтад бичигджээ. Харин тус компанийн угшил нь Баян Базараагийн "Алтайн хүдэр" компани бөгөөд  асуудал ихтэй уул уурхайн компаниудыг толгой цохьдог гэхэд хилсдэхгүй. 

                                                     НУРАНГИНД ДӨРВӨН ХҮН ДАРАГДАЖ АМИА АЛДАВ

Байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулдаг тус компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг уландаа гишгидгийн шижээ бол 3-р сард Заамарын уурхайд гарсан осол. Тодруулбал Төв аймгийн Заамар сум Хайлааст баг Баянголын аманд “Эко алтан заамар” компанийн ил уурхайд нуралт болж зургаан хүн дарагдсан. Осол болсон даруйд хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан бол үлдсэн дөрвөн иргэний цогцсыг  онцгой байдлын аврагчид маш хүнд нөхцөлд, хүйтэн усанд зургаа хоногийн турш шумбалт хийж гаргаж авсан юм.  Үүний дараагаар тухайн үеийн салбарын сайд  Д.Сумъяабазар тус компанид хатуу хариуцлага тооцно гэж байсан ч ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй.

                                                              25 НАСТАЙ ЗАЛУУ ТОГОНД ЦОХИУЛЖ НАС БАРАВ

2020 оны 8-р сарын 2-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын уурхайд 25 настай залуу тогонд цохиулж амиа алдсан талаар орон нутгийн хэвлэлүүд бичиж байв. Гэвч тухайн үед  ослын талаар шат шатны байгууллагаас нууцалж байсан нь эл компани хүний амийг хэрхэн үнэгүйдүүлдэгийн бас нэгэн жишээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хамгийн сүүлд “Бүрдэл Майнинг” компанийн Баянгол төслийн уурхайд  осол гарч нэг хүний амь нас эрсэдсэн хэмээн “Геологи, Уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл Холбоо”-оос мэдээллээ.

Энэ мэтчилэн хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилчдын амьдрах нөхцөл, хоол унд нь чанарын шаардлага хангадаггүй нь уурхайчдын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаагийн илрэл. Харамсалтай нь хориотой бүс гэдэг шалтгаанаар бодит байдлаа өдийг хүртэл нуун дарагдуулсаар байна.

Бид эх сурвалжийн мэдээллийг үндэслэн тайлбар авч,  нөхцөл байдлыг тодруулах үүднээс “Бүрдэл майнинг” компани дээр очиход мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Хотын төвийн шилэн барилгад оффиссолдог тус компанийн удирдлагууд хэвлэлийнхнийг дотогш нэвтрүүлж, бодит байдлаа дэлгэхийг  хүсэхгүй байгаа бололтой.  Учир нь тэдэнд тайлбар хэлэх “ҮНЭН” үлдээгүй  нь тодорхой болжээ.