Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2021.12.01 22:40
3917
ЦАХИМААР ЗАЛИЛАН ХИЙГЧИД АЗТАН ШАЛГАРУУЛАХ НЭРИЙДЛЭЭР ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ОЛЖ АВЧ БАЙНА

Өнөөдөр АНУ улсаас МУ-д оршин сууж байгаа болон гадаад улсад амьдарч байгаа МУ-ын иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан МУ-ын иргэн “О” гэгч 20 настай этгээдийг ЭЦА-аас интерполын шугамаар ОУ-д эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Олон нийтийн сүлжээг дэлхий дахинд өдөрт 2.77 тэрбум хүн идэвхтэй ашиглаж байна.

Эдгээр идэвхтэй хэрэглэгч дунд хуурамч хаягтай, эсвэл эх сурвалж нь баталгаагүй холбоос болох сонжоо, тоглоом зэрэг албан бус мэдээллийн сайтаар дамжуулан таны мэдээллийг олж авч, ингэснээр цахим хэтэвч болсон интернэт банкийг тань хоослох зорилготой, энэ төрлийн цахим гэмт хэрэгтнүүд олширсоор байна.

Үүнээс сэргийлэхийн тулд та бүхэн олон нийтийн сүлжээ ашиглахдаа хянуур, болгоомжтой байснаар цахим гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх боломжтой. Иймд олон нийтийн сүлжээ ашиглахдаа аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөмжүүдийг хүргэе. 

  • Гар утсанд тань ирсэн кодыг хэнд ч бүү дамжуул

Үүний нэг жишээ нь олон нийтийн сүлжээгээр хүмүүсээс утасны дугаарыг нь асуусны дараа мессежээр ямар нэгэн код ирсэн бол явуулж өгөхийг хүсэж, ингэснээр тухайн хүний интернэт банк, и-мэйлийн нууц үгийг сэргээн авч банкны болон бусад данс руу нь халдах халдлага юм. Иймд харилцагч та бүхэн сэрэмжтэй байж, хэн нэгэн таньдаг хүн тань олон нийтийн сүлжээгээр танаас мөнгө зээлэхийг хүсэх эсвэл утасны дугаар асуусны дараа танд мессежээр ямар нэгэн код ирсэн бол явуулж өгөхийг хүсэх тохиолдолд та тухайн кодыг дамжуулж огт болохгүйг анхаарна уу. Мөн банкнаас ирүүлсэн нэг удаагийн нууц үг, нууцлалын код болон мессеж анхааруулга зэргийг ч  шаардлагатай үед нь ашиглаад устгаж хэвшээрэй.

  • Онлайнаар бараа захиалах болон хандивын аянд оролцохдоо болгоомжтой ханд

Онлайнаар бараа захиалах, хандив цуглуулах нэрийн дор залилагчид таны дансны болон төлбөрийн картын бүхий л мэдээллийг тань олж авахыг зорьдог. Иймд өмнө нь огт хандаж байгаагүй онлайн сайтаас захиалга хийхгүй байх, тухайн сайтыг сайтар нягтлах, мөн сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг шаардсан тохиолдолд оруулахгүй байхад анхаарах шаардлагатай. 

  • Олон нийтийн WiFi сүлжээ бүү ашигла 

Олон нийтийн үзвэр үйлчилгээний газрын WiFi сүлжээгээр дамжуулан банкны харилцагчийн  мэдээллийг хялбархан авах боломжтой тул олон нийтийн WiFi ашиглан интернэтэд холбогдсон үедээ Интернэт банк үйлчилгээг ашиглахгүй байхыг зөвлөж байна.Хэрэв зайлшгүй нэвтрэх шаардлага гарвал аппликэйшнд нэвтэрсний дараа заавал Log out хийн гарч байх хэрэгтэй.Баталгаат бус вэбсайт болон холбоосууд, мессежээр болон олон нийтийн сүлжээний чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж өөрийн мэдээлэл болон мөнгөө алдахаас сэрэмжлэхийг мөн зөвлөж байна.

  • Олон нийтэд зориулсан компьютер ашиглан хувийн сошиал хаяг руугаа нэвтрэхгүй байна уу

Өөр хүний гар утас, компьютер зэрэг ухаалаг төхөөрөмж ашиглан та өөрийн цахим хаяг, интернэт банк болон сошиал сүлжээнд нэвтэрсэн бол заавал Log out товчин дээр дарж, гараарай. Үүгээр зогсохгүй компьютер тоглоомын газар, интернэт кафе, номын санд байдаг олон нийтийн зориулалттай компьютерт өөрийн сошиал хаяг, эсвэл интернэт банк руугаа нэвтэрч орохгүй байхыг анхаарна уу. Мөн фэйсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээнд хувийн нууцлалтай мэдээллээ Public буюу олон нийтэд харагдахаар тохиргоотой оруулахгүй байхад анхаараарай.

Цахим гэмт хэрэг үйлдэгчид цар тахлын үүсээд буй нөхцөл байдлыг ашиглан иргэдийн регистрийн дугаар, дансны болон картын дугаар, интернэт банкны нэвтрэх нэр нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг олж авах зорилготойгоор албан ёсны, тун үнэмшилтэй харагдахуйцаар бэлтгэсэн  хуурамч мэдээ мэдээлэл, хуурамч и-мэйл илгээдэг тул та бүхэн сонор сэрэмжтэй байгаарай.

  • COVID-19 вирустэй холбоотой аливаа цахим мэдээлэлд итгэж, хуурамч и-мэйлийн хавсралтыг нээхгүй байх;
  • Баталгаат бус вэбсайт болон холбоос дээр дарахгүй байх;
  • Corona Live 1.1 Android аппликэйшн эсхүл ижил төрлийн аппликэйшн татаж авахгүй байх;
  • Өмнө нь хандаж байгаагүй онлайн сайтаас худалдан авалтын захиалга хийхгүй байх;
  • Сайн санааны үүднээс хандивын аянд оролцохдоо болгоомжтой байж, интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
  • Олон улсын эсхүл автомат дуудлагыг хүлээн авахдаа тоон дээр дарахгүй байж, дуудлагыг таслах;
  • Мессежээр болон олон нийтийн чатаар ирэх холбоос дээр дарахгүй байж, өөрийн мөнгө болон мэдээллээ алдахаас сэрэмжлэхийг зөвлөж байна.

Банк хэзээ ч өөрийн албан ёсны интернэт банк болон аппликэйшнээс бусад сувгаар таны нэвтрэх нэр, нууц үг зэрэг нууцлалтай мэдээллийг асуудаггүй болохыг анхаарна уу. Үүнээс гадна COVID-19 цар тахалтай холбоотой мэдээ мэдээллийг зөвхөн Эрүүл мэндийн яам болон бусад албан ёсны эх сурвалжаас баталгаат сувгаар авч байхыг зөвлөж байна.