Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийслэл
2021.12.03 11:32
1816
Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон форум боллоо

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум болж, Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Өөрөөр хэлбэл, нийслэлийн цаашдын хөгжил, хөрөнгө оруулалт, хүсэж буй үр дүнгийн талаар тал бүрийн төлөөлөл оролцон, мэдээлэл сонсож, “Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нээх нь”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжууд”, “Авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хотын хөдөлгөөнийг сайжруулах” гэсэн гурван үндсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө Улсын Их Хурал, Засгийн газар, НИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорин ажиллалаа. Өнөөдрийн арга хэмжээгээр Улаанбаатарын хотын бүтээн байгуулалт, хөгжлийн нөөц, бололцоог Та бүгдийн оролцоо, нягт хамтын ажиллагаанд тулгуурлан богино хугацаанд, үр дүнтэй ашиглах гарц, шийдлийн талаар санал солилцож, бодит ажил хэрэг болгохыг зорьж байна” хэмээв.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан. Энэ хуулийн хүрээнд Улаанбаатар хот 30 жил хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.

2022 оноос эхлэн хэрэгжих энэхүү хуулиар нийслэл хотын эрх зүйн чадамж дээшилж, нийслэл нь хуульд заасны дагуу үнэт цаас гаргах, нийслэлийн хэмжээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах замаар нийслэл хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан арга хэмжээний үеэр “Нийслэл хотод тулгамдаж байгаа олон асуудал байгаа. УИХ эдгээр асуудалд цэг тавихаар нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллахаар санал нэгдэж, УИХ-д анх удаа улс төрийн нам, эвсэл үл харгалцан, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд эвлэлдэж, 26 гишүүний бүрэлдэхүүнтэй Түр хороог байгуулсан. Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо нь Улаанбаатар хотын төлөвлөлт, замын түгжрэл, экологийн аюулгүй байдал зэрэг нийгэм, эдийн засгийн асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах зорилготой” хэмээн ярилаа.

Нийслэлийн хүн ам сүүлийн 30 жилийн хугацаанд гурав дахин өсөж, өнөөдрийн байдлаар 1.5 саяд хүрээд байгаа. Энэхүү өсөлттэй уялдан хөдөлмөрийн насны нийт хүн амын 64.2 хувь, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 69.2 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр Монгол Улсын хүн ам, эдийн засгийн талаас илүү хувь нь төвлөрсөн ч тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өнгөрсөн хугацаанд анхаараагүй, хойш тавьсаар ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчидтай хамтарч шийдвэрлэх ажлууд Улаанбаатар хотод олон бий бөгөөд энэ ч зорилгын үүднээс тус арга хэмжээг зохион байгуулсан юм.

Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцлоо. Мөн авто замын түгжрэлийг шийдвэрлэх, хөдөлгөөнийг сайжруулах зэрэг асуудлаар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.

Д.Батмөнх: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нь бидний гол зорилго

“Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нээх нь” сэдвийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх “Хуулиар нээгдсэн эдийн засгийн шинэ боломжууд”-ын талаар илтгэл тавилаа. Тэрбээр Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар бий болсон эдийн засгийн боломжууд болон олон улсын санхүүгийн төв, ногоон бондын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, “Ковид-19”-ийн дараах нийслэлийн эдийн засгийг төсвийн бус хөрөнгө оруулалтаар сэргээх чиглэлээр орон сууцны дэд бүтцийн хөрөнгө оруулалт, цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэл, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам, дагуул хотууд зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээрийг хэрэгжүүлснээр 35 мянган өрхийг орлогод нийцсэн орон сууцтай болгох, дор хаяж дотоодын 40 ногоон жижиг, дунд үйлдвэр урт хугацааны хөрөнгийн санхүүжилт авах зэрэг үр дүн буй болох юм.  Мөн эдгээр төсвийн бус санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн албан ёсны тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэл болон арилжааны замаар шийдвэрлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн нийслэлийн зүгээс хөгжлийн түнш олон улсын байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг нэгдэж, дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүссэн юм.

Нийслэлийн Засаг даргын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх:

 -Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Энэ хууль батлагдсанаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг гадаадын хөрөнгө оруулагчид төсвийн бус салбарт хамтарч ажиллах боломж бий боллоо. Улаанбаатар хотод оршин сууж буй 1.6 сая орчим иргэний дийлэнх нь худалдаа, үйлчилгээний салбараас орлого олдог. Энэ салбар цар тахлаас шалтгаалан үүд хаалгаа барьсан нь эдийн засгийг нэн хүндрүүлсэн. Тиймээс цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нь бидний гол зорилго юм. Улсын төсвийн 70 орчим хувийг албан татвар бүрдүүлдэг. Мөн Улаанбаатар хотод 170 мянга орчим өрх гэр хороололд амьдарч байна. Дэд бүтцийг нь шийдсэн, өөрийн орлогод нийцсэн орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн дулааны эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь чухал юм гэлээ.

Түүнчлэн энэ үеэр Ерөнхий сайдын зөвлөх Д.Ирмүүн, Сангийн сайдын Эдийн засгийн зөвлөх Л.Болормаа, ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Руфуат Алимарданав, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Форумын төгсгөлд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Өнгөрсөн хугацаанд буюу зах зээлд шилжсэн 30 жилийг харахад, маш том алдаа гаргаж байжээ. Бид зөвхөн тулгамдсан асуудлынхаа хүслийн жагсаал гаргасан юм байна. Одоо Монгол Улсын Засгийн газар, Хотын дарга, НИТХ бүгд нэг зүг рүү харсан гэж хэлж болно. Өнөөдрийн нэг чухал сэдэв бол түгжрэлээ бууруулах үүднээс замын сүлжээ, нийтийн тээврийн сонголтуудыг өргөжүүлж, үүгээр дамжуулан дагуул хотуудаа хөгжүүлэх тухай байлаа. Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хот өнөөдөр өөр түвшинд очсон. Өмнө нь буцалтгүй тусламж гуйдаг байсан бол одоо гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт таатай орчныг бий болгож, хэн хэндээ ашигтай байхыг хүсэж байгаа. Харилцаа, хамтын ажиллагаа, үр дүнд хүрсэн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Улаанбаатар хот руу чиглэсэн бүх хөрөнгө оруулагч нарт манай үүд хаалга нээлттэй гэдгийг дахин илэрхийлье” хэмээлээ.