Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2021.12.03 13:25
2554
CNBC: Монгол Улс вакцинжуулалт сайн байгаа учраас Омикроныг даваад гарна

Америкийн CNBC телевиз өнөөдөр Монголын вакцинжуулалт, ковидын эсрэг арга хэмжээний талаар мэдээлжээ.

Тус мэдээллээр "Монгол Улс хүн амынхаа 70 хувийг вакцинжуулж, 20 хувийг III тунд хамруулсан. Тиймээс коронавирусийн Омикроныг даваад гарна. Хөгжилтэй улсууд Монголоос сурах юм байна" гэж мэдээлжээ.

ДЭМБ-аас “SARS-CoV-2” вирусийн Омикрон хувилбар нь халдварын маш өндөр эрсдэлтэй. Шинэ мутацийн халдвар олон улсад тархаж, зарим бүс нутагт хүнд нөхцөл байдал үүсгэх магадлалтай гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ манай улс дэлхийн улс орнуудтай харьцуулахад вакцинжуулалт өндөр байгаа учраас шинэ хувилбарыг хохирол багатай давах боломж байгаа юм. 

ДЭМБ-аас гаргасан мэдэгдэлд “Коронавирусийн Омикрон хувилбарт урьд өмнө хэзээ ч байгаагүй олон тооны баяжуулалтын мутаци явагдсан. Уг өөрчлөлт нь цар тахлын нөхцөл байдлыг өөрчилж болзошгүй. Шинэ мутацийн тархалт дэлхийн хэмжээнд явагдах эрсдэл маш өндөр байна” гэсэн юм. Улмаар дэлхийн улс орнуудад хандан эрсдэлт бүлгийн иргэдийг вакцинд хамруулж, халдварын тархалтын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээгээ сайжруулахыг уриалсан билээ.